хайх үгээ бичих

Нийгэм Онцлох мэдээ

“Ханан шишгэд” компаниас “ДУЛААН ӨДӨР” сайн үйлсийн аяныг зохион байгууллаа

Түгээх

Улс тунхагласны баяр болон Их эзэн Чингис хааны мэндэлсэн ой тохиосон 11 дүгээр сарын 26, 27-нд бүх нийтээрээ амарсан. Тэгвэл “Түмний байр” төслийг хэрэгжүүлэгч “Ханан Шишгэд” ХХК-иас гэр хорооллын зорилтод айл өрхөд сайжруулсан шахмал түлш үнэгүй тараан, сайн үйлсийн аяныг амралтын хоёр өдөр зохион байгууллаа.

“Ханан Шишгэд” компанийн хувьд “Түмний байр” төслийн хүрээнд таван өрхийг орон сууцанд хамруулж чадсан. Харин энэ удаа эх орныхоо тусгаар тогтнолоор бахархах өдрийг тохиолдуулан бусдад ийн тусалж байна. Ингэхдээ тэд хороодын хэсгийн ахлагч нартай холбогдож, тусламж шаардлагатай гэсэн айл өрхүүдэд шахмал түлшээ тараасан юм.

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны зургадугаар хэсгийн ахлагч О.Урантуяа “Манай 28 дугаар хороо найман хэсэгтэй. “Дулаан өдөр” сайн үйлсийн аянд манай зургадугаар хэсгээс дөрвөн өрх хамрагдаж байгаа. Миний хувьд хорооныхоо хариуцсан хэсгийг сайн мэдэх тул өрх толгойлсон ээжүүдийг сонгосон. Эдгээр айлууд шахмал түлшээ байнга ширхгээр худалдаж авдаг. Их хэмжээгээр авах боломжгүй айлуудад сайжруулсан шахмал түлж өгч байгаад баяртай байна” гэлээ.

Бүх нийтийн амралтын өдөр оюутан залуус цагийг янз бүрээр өнгөрүүлдэг. Харин МУИС-ийн гурав, дөрөвдүгээр дамжааны оюутнууд “Дулаан өдөр” сайн үйлсийн аянд гар бие оролцож, бусдад тусалж, баярлуулж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа ярьсан юм.  МУИС-ийн гуравдугаар дамжааны оюутан Г.Бямба-Оюут “Улс тунхагласны баяраар сайн үйлсийн аянд хамрагдаж байгаадаа баяртай байна. Өмнө нь олон сайн үйлсийн аянд оролцож байсан ч өнөөдрийнх шиг сэтгэл гаргаж, өөрийн гараар оролцож байсан удаа хараахан байхгүй. Манай үеийнхэн магадгүй өнөөдрийг амарч юм уу, өөр ямар нэг байдлаар өнгөрүүлж байгаа байх. Өнөөдөр сургуулиа төлөөлөөд анги хамт олонтойгоо ирсэндээ сэтгэл хангалуун байна” хэмээсэн юм.

“Ханан шишгэд” ХХК нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх хүрээнд энэ мэтчилэн сайн үйлсийн аянаа тасралтгүй зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ өдрүүдийг зүгээр нэг амарч өнгөрүүлэх биш, өвөг дээдсийнхээ бидэнд үлдээсэн тусгаар тогтнолыг хамгаалах, бахархахын тулд өөр бусдад халуун сэтгэлээр туслаж, дэмнэж байхыг аянд оролцогчид хүсэж байлаа.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *