хайх үгээ бичих

Нийгэм Онцлох мэдээ

“Түмний байр” төслийн хүрээнд дахин нэг айл ОРОН СУУЦТАЙ боллоо

Түгээх

Гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах, ипотекийн зээлд хамрагдахад дэмжлэг үзүүлэх зорилготой “Түмний байр” төсөл амжилттай хэрэгжиж байна. Төслийн нээлтэд зориулж үеэр Т.Ундармаа гэх багш бүсгүйд нэг өрөө байр бэлэглэж байсан бол өнөөдөр /2019.08.30/ тэд дахин нэг айлыг орон сууцанд хамруулж, түлхүүр гардууллаа.

“Түмний байр” төслийг санаачлагч, “Ханан шишгэд” ХХК-ийн Ерөнхий захирал С.Мөнхбат “Бидний эхлүүлсэн “Түмний байр” төсөл нээлтээ хийснээс хойш хоёр дахь өрхөө байртай болгож байна. Манай компани байрны урьдчилгааны 10 хувийг буцалтгүй тусламжаар олгон, үлдсэн 20 хувийг иргэд өөрсдөө төлж байгаа. Мөн ипотекийн зээлийнх нь батлан даалтыг манай “Ханан шишгэд” ХХК гаргаж байгаа.

“Түмний байр” төсөл 2024 оныг хүртэл үргэлжилнэ. Төслийн нээлт хийснээс хойш нийт 17 мянга гаруй хүсэлт ирүүлээд байна. Үүнээс олон хүчин зүйлийг харгалзаж, нээлттэй сонгон шалгаруулж байгаа. Мөн төсөлд маань уул уурхайн болон барилгын 30 гаруй компани нэгдлээ. Төсөл үргэлжлэх хугацаанд барилгын компаниудтай хамтран ажиллахаар төлөвлөж байгаа. Бусад уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг компаниудаа уриалж, илүү олон хүнийг байртай болгохын төлөө ажиллах болно. Манай компани гадаад худалдаа, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсын чулууг хөндөж, баялгийг олборлож ашиг олж байгаагийн хувьд нийгмийн өмнө хариуцлага хүлээх ёстой гэж үзэж, “Түмний байр” төслийг эхлүүлсэн. Монголын баялгийн үр шим нь  иргэдэд ч гэсэн бодитойгоор хүрэх ёстой гэж боддог” гэж ярилаа.

“Ханан шишгэд” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтангэрэл “Манай компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд эхлүүлсэн “Түмний байр” төслийн хүрээнд дэмжлэг үзүүлэх иргэд тодорсоор байна. Ихэнх тохиолдлоос харахад, хүмүүст тулгамдаж байгаа зүйл нь байрны урьдчилгааны асуудал байдаг. Тэгэхээр манай компанийн хэрэгжүүлж байгаа “Түмний байр” төсөл иргэдэд урьдчилгаагаа бүрдүүлэхэд дэмжлэг өгөх, цаашлаад ипотекийн зээлд хамрагдахад нь баталгаа гаргах нь хамгийн зөв ажил гэж харсан. Иргэдийг орон сууцтай болгосноор агаар орчны бохирдлыг бууруулахад бага ч болтугай нэмэр болно гэж найдаж байгаа” гэв.

С.БАТТУЛГА: БИД ӨӨРСДИЙН ХҮЧЭЭР УРЬДЧИЛГААГАА БҮРДҮҮЛСЭН БОЛ ДАХИАД 4-5 ТАВАН ЖИЛ ХӨДӨЛМӨРЛӨХ БАЙСАН

“Түмний байр” төслийн хүрээнд орон сууцтай болсон иргэн Б.Баттулга “Бид өөрсдийн гэсэн байртай болохын төлөө олон жил зүтгэсэн. “Түмний байр” төслийн талаарх мэдээллийг аваад хамгийн түрүүнд ирж бүртгүүлж байлаа. Бидний түвшний амьдралтай, найман хувийн ипотекийн зээлд хамрагдаж, байртай болох гэсэн бодолтой хүмүүст хамгийн хэрэгтэй төсөл гэж хэлнэ. Бид хоёр яг өөрсдийнхөө хүчээр урьдчилгаа бүрдүүлж, зээлд хамрагдана гэвэл дахиад дөрвөөс таван жил хөдөлмөрлөх ёстой байсан. Байртай болох хугацааг минь энэ хэмжээнд наашлуулж өгсөн “Ханан шишгэд” ХХК-ийн хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлье” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

“Түмний байр” төслийн зорилго нь гэр хороололд оршин суудаг, өөрийн боломж нөхцлөөр орон сууцанд орох боломжгүй айл өрхүүдийг орон сууцжуулах юм. Ингэхдээ иргэдийн бүрдүүлэх урьдчилгаа мөнгөнд дэмжлэг үзүүлж, банкны шаардлагад нийцүүлэхийн тулд тодорхой хэмжээнд баталгаа гаргах, тухайн өрхийн ажилгүй иргэнийг ажлын байртай болгох зэргээр бодит дэмжлэг үзүүлэхийг зорьж буй юм.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *