хайх үгээ бичих

Эрэн сурвалжлах

Д.Гантөмөр: Талийгаач амиа хорлоoгүй гэдгийг удирдаж байсан даргын хувьд хэлнэ

Түгээх

Булган аймгийн Гурванбулаг сумын эрүүгийн төлөөлөгч Э.Мөнхтулга аравдугаар сарын 14-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж яваад зам тээврийн осолд орж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Талийгаачийн ар гэрийнхэн түүний үхэлд сэтгэлзүйн дарамт нөлөөлсөн гэж байгаагаа хэвлэлд илэрхийлсэн байдаг. Тиймээс дээрх ослын  талаар Булган аймгийн Цагдаагийн газрын дэд дарга Д.Гантөмөрөөс зарим зүйлийг тодрууллаа.

-Гурванбулаг сумын хэсгийн төлөөлөгч Э.Мөнхтулгын амь насаа алдсан хэргийг хаана шалгаж байна вэ?

-Булган аймгийн Гурванбулаг сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Эрдэнэбаатар овогтой Мөнхтулга нь 2018 оны аравдугаар сарын 13-ны орой албаны машинтай албан үүргээ гүйцэтгэн явж байгаад зам тээврийн осолд орж, амь нас нь хохирсон. Амь нас хохирсон асуудлыг хуулийн хүрээнд аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, шалгаж байгаа.

-Ослын шалтгаан нөхцөл юу байв. Урьдчилсан дүгнэлт гарсан уу?

-Дүгнэлт одоогоор гараагүй. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

-Талийгаачийг амиа хорлосон гэх мэдээлэл цахим орчинд байна. Энэ талаар?

-Талийгаач амиа хорлосон уу, зам тээврийн ослын шалтгаан юу байв гэдгийг хуулийн дагуу шалгаж байгаа. Шалгалт дөнгөж эхэлж байгаа болохоор энэ тухай хэлэх эрт байна. Цагдаагийн албан хаагч бол өргөсөн тангарагтаа үнэнч байдаг. Э.Мөнхтулгын хувьд амиа хорлох асуудал байхгүй, үндэслэл бага гэж миний хувьд бодож байгаа. Тэгээд ч Э.Мөнхтулга эхнэр, гурван хүүхэдтэй хүн. Том нь таван настай, дунд хүүхэд нь гурван настай, бага нь төрөөд 45 хонож байгаа. Үр хүүхэд, хань ижлээ орхиод, амиа хорлохгүй гэдгийг удирдаж байсан даргын хувьд бодож байна. Тэгээд ч цагдаагийн албан хаагч ажлаасаа болж амиа хорлох тохиолдол байхгүй, тийм хэрэг гарч байгаагүй.

-Талийгаач өөр автомашинтай мөргөлдсөн үү?

-Өөр автомашинтай мөргөлдөөгүй. Бусдад эрүүл мэнд болон эд материал, машин техник хэрэгслийн хохирол учруулсан асуудал байхгүй. Осол болох үед ганцаараа явсан.

-Талийгааачийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь гадны хүн бичлэг хийж, цахим орчинд цацснаас болж олон нийтийн зүгээс дайралт ирсэн. Үүнээс болж сэтгэл санааны хямралд орсон гэх мэдээлэл байна. Ар гэрийнхэн нь Х.Бат-Ялалтыг Э.Мөнхтулгын үхэлтэй шууд холбоотой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байдаг. Ажлаа хийж байгаад өөд болсон цагдаагийн үхэлд Х.Бат-Ялалтын нөлөө орсон байж болох уу?

Нөлөө орсон байж болох магадлалтай. Цагдаагийн алба хаагч Э.Мөнхтулга Булган аймгийн Гурванбулаг суманд хэсгийн төлөөлөгчөөр 2018 оны 06-р сарын 08-нд ЦЕГ-ын даргын Б/391 тоот тушаалаар ирж, ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа 2015-2016 онд үйлдэгдсэн хохирол ихтэй, илрээгүй орон байрны хулгайн хэргүүдийг мэргэжлийн ур чадвар гарган илрүүлж байсан. Хэсгийн төлөөлөгч нарынхаа дунд ажлаараа тэргүүлж байсан албан хаагч. Иргэн гомдол гаргасны дагуу, хохирлыг барагдуулахаар хэргийг шалгаж, Дорж гэж хүнийг дуудан, шаардлагатай ажиллагаануудыг хийх явцад хэргийн талаар цахим орчинд мэдээлэл тавьсан. Тавьснаас хойш өөртэй нь болон эхнэртэй нь уулзахад “Би яах ёстой вэ? Ийм асуудалд холбогдчихлоо” гээд сэтгэл зүйн хувьд тогтвортой бус байдал ажиглагдсан. Утас нь байнга дугардаг, чиний мэдээ гарч байна гэдэг. Сүүлдээ утсаа авч чадахгүй, эхнэртээ чи утсыг түр барьж бай, ярих болгонд л энийг яриад байна, ажил хийхэд төвлөрч чадахгүй байна гэдгийг хэлсэн байдаг. Сэтгэл зүйн хувьд хүнд байсан гэж бид харж байгаа. Эхнэртэй нь уулзахад “Сүүлийн үед унтаж чадахгүй, босоод суучихдаг болсон. Асуухаар хэцүү байна гэж хэлж байсан” гэдэг. Цахим орчноос сөрөг хандлага их ирсэн болохоор хүнд туссан байна гэж бид бүхэн харж, дүгнэж байгаа. Осол болохоос өмнө цагдаагийн байгууллагын 3-р улирлын сахилга хариуцлагын зөвлөгөөн болсон. Хууль зүйн сайдын нэрэмжит Шилдэг хэсгийн төлөөлөгч тэмцээнийг зохион байгуулж, талийгаач амжилттай оролцож байсан. Ажилдаа сайн ханддаг, ур чадвартай залуу боловсон хүчнээ алдсанд цагдаагийн газрын даргын зөвлөлийн гишүүд, нийт албан хаагчид харамсаж байгаа.

-Цахим орчин дахь хүнлэг бус байдлаас болж хүний амь эрсэдлээ гэж хараад байна?

-Гэм буруугийн зарчим байдаг. Шүүхийн шийдвэр гарах хүртэл хэнийг ч гэм буруутайд үл тооцно гэсэн зарчим байгаа. Үүн дээр бол гэм буруугийн зарчим ярьж байгаа. Гэм буруутай эсэхийг тогтоогоогүй байхад цахим орчинд гэм буруутай, хууль тогтоомж зөрчсөн, иргэнийг хэлмэгдүүлсэн гэх мэт асуудлыг шууд тавьсан нь цагдаагийн алба хаагчид сэтгэл зүйн хүнд дарамт болсон. Энэ асуудлаар Х.Бат-Ялалт шаардлагатай бол цагдаагийн байгууллагын удирдлага болон цагдаагийн байгууллагын гомдол санал мэдүүлэх 126 утсанд хандаж болох байсан. Санал, гомдол мэдээлэл бүрийн дагуу ЦЕГ-ын дотоод хяналт, аюулгүй байдлын газраас олон жилийн туршлагатай алба хаагчид шалгадаг. Гэтэл Х.Бат-Ялалт нэг ч албаны хүнд хандалгүйгээр нэвтрүүлэг хийсэн. Тухайн үед байгууллага дотор орж ирэн, шууд бичлэг хийсэн. Холбогдох журмын дагуу зөвшөөрөл аваагүй. Гэмт хэргийн талаар мэдээлэл өгөхдөө удирдах ажилтан болон прокурорын зөвшөөрлөөр өгнө гэж заасан байгаа. Тухайн үед Э.Мөнхтулга мэдээлэл өгөхгүйгээр гараад явах боломж байсан. Гэхдээ ёс зүй, хэм хэмжээнийхээ хүрээнд тайлбар өгсөн. Үүнийг л цахим орчинд тараасан нь асуудал үүсгэжээ.

-Талийгаачийн ослын хэрэгт сэжигтэн, яллагдагч, гэрчээр хүн шалгаж байгаа юу?

-Хэрэгт холбогдуулж гэрчээр хэд хэдэн хүнийг асууж байгаа. Тухайлбал, хэргийг анх харсан хүн, дуудлага мэдээлэл өгсөн хүн гээд цөөнгүй гэрч байгаа. Гэрчүүдээс асууж байгаа. Яг одоогоор энэ асуудалд холбогдуулан шалгаж байгаа, ямар нэг байдлаар осол аваар гарахад нөлөөлсөн гэдгээр тухайлсан шалгаж байгаа хүн байхгүй.

-Х.Бат-Ялалтад цагдаагийн алба хаагчийн өрөөнд орж, хэргийн талаар мэдээлэл авах эрх бий юу?

-Тийм эрх байхгүй. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам саяхан шинэчлэгдсэн. Энэ журманд өдөр тутмын үйл ажиллагааг зааж өгсөн байгаа. Х.Бат-Ялалт гэж хүнтэй холбоотой асуудал дээр цагдаагийн газрын зүгээс ажил явдлын дараагаар хэний буруутай үйл ажиллагаа байсан гэдгийг судлах болно. Талийгаачийн нас барсан асуудал шалгагдаад явж байгаа болохоор шалтгаан нөхцөл нь юу байгаагаас хамаарна. Албаны шалгалтын дүн зэргээс хамаарч хуулийн дагуу ямар арга хэмжээ авах нь тодорхой болох тул одоогоор энэ талаар ярихад эрт байна.

-Талийгаачийн ар гэрийнхэн маш хүнд нөхцөлтэй үлдэж хоцорлоо. Түүний ар гэрт туслах ажил зохион байгуулж байгаа юу?

-Алба хаагчийн дундын сангаас нэг удаагийн тусамж үзүүлж байгаа. Цагдаагийн алба хаагчид сайн дурын үндсэн дээр хандив цуглуулсан. Талийгаачийг Улаанбаатар хотод баасан гаригт /2018.10.19/ хөдөөлүүлэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор даваа гаригт /2018.10.15/ цагдаагийн газарт хууль журмын дагуу ёслол хүндэтгэлтэй салах ёс гүйцэтгэсэн. Ар гэрт нь туслах зорилгоор цагдаагийн газрын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулсан. Шарилыг зөөхөд хүн хүч, техникээр тусалсан. Мөн Улаанбаатар хотод тасгийн дарга ажил явдалд нь тодорхой туслалцаа үзүүлэн оролцож байгаа. Ажилдаа хандах хандлага сайтай, эмх замбараатай, нямбай залуу байсан. Идэвхи санаачлагатай, зүтгэлтэй, илрээгүй хэргүүдийг илрүүлж ажилласан учраас Э.Мөнхтулгыг бид шагналд тодорхойлох саналтай байсан. Гэвч харамсалтайгаар амь насаа алдлаа.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *