хайх үгээ бичих

Онцлох мэдээ Эрэн сурвалжлах

“Х-Apartment”-ын ЛИФТИЙГ СОЛИХ ШААРДЛАГЫГ мэргэжлийн хяналтаас хүргүүлсэн байжээ

Түгээх

Нийслэлийн Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд байрлах “Х Apartment” хотхоны таван давхрын лифтний хонгилд хүн унаж гэмтсэн ноцтой осол өчигдөр гарлаа.

Хэргийг тодруулбал, тус байрны оршин суугч 31 настай эрэгтэй Ө нь таван давхраас унаж гэмтсэн байна. Хэргийн газарт Нийслэлийн онцгой байдлын алба хаагчид ажиллаж гэмтсэн иргэнийг хонгилоос гаргаж авсан байна. Улмаар түүнийг яаралтай түргэн тусламжийн эмч нар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн байна.

Дээрх хэргийг харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа ба  гэмтсэн иргэн Ө  нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр, осол гарсан “Х Apartment” хотхоны  лифт удаа дараа унаж байсан гэх ба оршин суугчдын зүгээс байнгын гомдол ирдэг байжээ.

Энэ талаар НМХГ-ын улсын ахлах байцаагч П.ДашдавааЛифтний хаалга хүчтэй цохисны улмаас цөмөрч, осол гарсан байна. Ямар нэг байдлаар механик үйлчлэлээр хаалгыг хүчтэй түлхэх, цохиход цөмөрнө. Харин хүчээр хоёр тийш нь онгойлгож болдоггүй, түгжээтэй байдаг. Өмнө нь энэ хотхоны оршин суугчдын зүгээс лифт нь маш их гацдаг талаар гомдол ирүүлсэн тул гомдлын дагуу шалгалт явуулж, холбогдох үүрэг даалгаврыг хугацаатай өгөөд явж байгаа. Хотхоны лифтийг ачааны лифтээр солих үүргийг зургадугаар сард өгсөн” хэмээлээ.

-ӨДӨР БҮР ЛИФТ ГАЦДАГ УЧИР ОРШИН СУУГЧИД АЙДАСТАЙ АМЬДАРДАГ- 

“Х Apartment” СӨХ-ны дарга Я.Сүглэгмаатай утсаар холбогдож зарим зүйлийг тодрууллаа.

Дээрх ослын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Өчигдөр оройн 23:00 цагийн орчимд Б блокны таван давхрын лифтний хаалга цөмөрч хүн унасан. Энэ хүн манай байрны оршин суугч гэж мэдэгдсэн. Осол гарсныг мэдмэгц Онцгой байдал, цагдаа, түргэн дуудсан. Осолдсон хүнийг Гэмтлийн эмнэлэг рүү аваад явлаа. Ер нь бол манай байрны лифттэй холбоотой гомдол огт тасардаггүй, нэлээд асуудалтай. Нийт дөрвөн блоктой, 16 давхар энэ байранд 450 кг-ын даацтай лифт суурилуулсан нь үнэхээр хангалтгүй, хүрэлцээгүй байдаг. Энэ байранд дор хаяж 1000 орчим хүн оршин сууж байгаа. Гэтэл ийм бага даацтай лифт суурилуулснаас үүдэж даац хэтэрсэн асуудал байнга гардаг. Өдөр бүр лифт гацдаг. Хүмүүс ч байнга лифтэнд гацчихдаг.

-Холбогдох байгууллагуудад энэ талаар хандсан уу?

-СӨХ-ноос Мэргэжлийн хяналтын байгууллагад хүсэлт гаргаад, шалгалт хийлгэсэн. Ингэхэд НМХГ-ын зүгээс хоёр лифтийг хүн тээврээр хэвийн ажиллуулж болно, хоёрыг нь даацын, ачааны лифтээр солих ёстой гэсэн акт гаргасан. 16 давхар байранд заавал ачааны лифт байх ёстой гэж шаардсан энэ акт өнгөрсөн зургадугаар сарын 27-нд гарсан. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ барилгыг барьсан ЭКО констракшны охин компани “Улаанбаатар пропертиз”-д удаа дараа бичиг өгч, даацын лифтээр сольж өгөхийг шаардсан ч огт хүлээж аваагүй, юу ч хийгээгүй. НМХГ, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар гээд хандаж болох бүх газарт хандаж, акт гаргуулаад, энэ байгууллагуудаас ч тодорхой бичиг хүргүүлээд байхад шийдвэрлэж өгөлгүй өдийг хүргэсэн.

-Оршин суугчдын зүгээс ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Оршин суугчид маш их гомдолтой байгаа. Яагаад гэвэл энэ хүмүүсийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөөд байна. Нэг блоконд хоёр лифт суурилуулсан ч зургадугаар сарын 27-ноос хойш зөвхөн нэг нь л ажиллаж байгаа. Иргэд гэртээ орохын тулд лифтэнд дараалан зогсдог.

-Хотхон хэзээ ашиглалтад орсон юм бэ?

-Энэ хотхоныг 2016 оны 5 сарын 23-нд Улсын комисс хүлээж авсан байдаг. Улсын комисс ч норм даацынхаа дагуу бус лифт тавьсан байхад хүлээгээд авчихсан нь сонин санагддаг. Одоо дахиад энэ байрны нэг ханатай наалдуулаад 16 давхар байшин барьж байна. Энэ барилга нь ямар ч зөвшөөрөлгүй, зураг төсөлгүй. Чанарын шаардлага хангахгүй барилга баригдаж байна гэсэн үг шүү дээ. Энэ барилгыг зогсоохын тулд СӨХ шүүхэд өгсөн. Долоон давхраас нь эхлээд л тэмцэж эхэлсэн. Одоо 12 давхар дээрээ явж байна.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *