хайх үгээ бичих

Ярилцлага

Л.Батжав: Үндсэн хуулийн цэц 16500 хүний сонгох эрхийг хааж байна

Түгээх

УИХ-аас нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сарын 7-нд гэж зарласан нь төрийн албан хаагчийн сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн байна гэх гомдлыг иргэн н.Мөнхцэцэг гаргасан байдаг. Харин Үндсэн хуулийн Цэцээс түүний гомдлыг хэлэлцээд “УИХ-аас 62 дугаар тогтоол гаргасан нь төрийн албанд ажиллаж буй иргэдийн сонгогдох эрхийг хязгаарлах, тэгш бус байдлыг үүсгэхээр байна” гэж үзсэн. Энэхүү шийдвэртэй холбогдуулан Хууль зүйн ухааны доктор, профессор Л.Батжавын байр суурийг сонирхлоо.

Тэрбээр “Үндсэн хуулийн Цэцийн энэхүү шийдвэрийг гайхаж байгаа. Яагаад гэвэл, нөхөн сонгуульд нэр дэвших хүсэлтэй зургаан хүний сонгогдох эрхийг хангахын тулд, 16500 сонгогчийн сонгох эрхийг хаасан учир дутагдалтай шийдвэр болсон гэж харж байна. Өөрөөр хэлбэл, 16500 хүн өөрсдийн төлөөллөөр дамжуулан төрийн эрх барих эрхтэй, өөрсдөө төлөөллөө сонгох эрхтэй. Гэтэл энэ шийдвэрээр эдгээр хүмүүсийн эрхийг үгүйсгэсэн нь туйлын харамсалтай зүйл юм.

Нөгөө талаас цэцийн шийдвэрийн үндэслэлийг нарийн судлаад үзвэл эргэлзээтэй зүйлс байна. Манай улсын хувьд эрхзүй өндөр хөгжсөн улс биш учраас нийгмийн бүхий л харилцааг хуулиар бүрэн зохицуулж чадаагүй. Гэтэл нөхөн сонгуулийн асуудал тодорхой байх ёстой гэж ярьж байгаа ч эрхзүйн хувьд хуулиар хориглоогүй бол бүхнийг зөвшөөрнө гэсэн зарчим байгаа.

Нөхөн сонгууль хэзээ болохыг хэлж мэдэхгүй, төлөвлөж болохгүй зүйл. Гэтэл нөхөн сонгууль болохоос тэдэн сарын өмнө төрийн албан хаагч ажлаа өгөх тухай зохицуулалт байхгүй гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл, ээлжит сонгуулийн үед бол төрийн албан хаагч нэр дэвшихгүй гэдгийг хориглосон байдаг. Харин ээлжит бус сонгуулийн тухайд тийм зүйлийг шаардаагүй. Үүнийг зохицуулалт байхгүй гэж үзэж болохгүй.

Мөн түүнчлэн Үндсэн хуулийн цэцэд гаргасан иргэний гомдлыг хэлэлцэж байгааг сонсоод би нэг зүйлийг гайхсан. Төрийн албан хаагч нь Улсын их хурлын сонгуульд оролцохоор материалаа өгөх юм бол ээлжит сонгуульд оролцохын нэгэн адил зургаан сарын өмнө ажлаасаа чөлөөлөгдөөгүй гэсэн үндэслэлээр намайг хасаж магадгүй гэх утгатай өргөдөл өгснийг “өө тийм байна аа” гээд шийдэж байгаа нь ойлгомжгүй зүйл болж байгаа юм” гэлээ.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *