хайх үгээ бичих

Нийгэм

ЭРҮҮЛ МЭНД: ”La Sante” эмнэлэг зөвлөж байна

Түгээх

Эрүүл Монгол эмэгтэй, Элэг бүтэн гэр бүл”  уриатай “La Sante” эмнэлгийн ээлжит зөвлөгөөг хүргэж байна. Энэ удаад эмэгтэйчүүдийн дунд хамгийн элбэг тохиолддог шээс задгайрах эмгэг түүний хор уршиг, эмгэгийг хэрхэн эмчлэх, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээллийг хүргэнэ.

Шээс задгайрах гэдэг нь шээсээ барьж чадахгүй болохыг хэлнэ. Энэ нь ахмад настанд нилээд их тохиолддог, ялангуяа эмэгтэйчүүдэд илүү тохиолддог байна. Шээс задгайрах нь наслах үед гарах хэвийн өөрчлөлт биш. Зарим тохиолдолд шээс дамжуулах замын халдвар, эмэгтэйчүүдэд үтрээний үрэвсэл, өтгөн хатах, цус харвалтын дараа хөдөлгөөн хязгаарлагдмал байх, Паркинсоны өвчин болон үе мөчний өвчний үед мөн зарим нэг эмийн гаж нөлөөнөөс шалтгаалж шээсээ барьж чадахгүй болох буюу энэ байдал нь даамжрахад хүргэдэг. Дээрх тохиолдлуудад энэ нь зөвхөн түр зуурын өөрчлөлт бөгөөд дээрх шалтгаанууд арилсны дараа зүгээр болдог. Гэвч дээрх түр зуурын шалтгаануудыг эмчилсэний дараа ч шээсээ барьж чадахгүй байвал энэ нь давсаг сулрах, агших үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахгүй байгаатай холбоотой.

Шээс задгайрах шинж тэмдэгүүд:
– Ханиах, найтаах, инээх, хүнд юм өргөх үед (сэтгэлийн хөдөлгөөнтэй холбоотой) бага хэмжээний шээс алдах
– Бие засах газар хүрэхээс өмнө шээс барьж чадахгүй гадагшлуулах
– Шээсээ барьж чадахгүй байнга дуслах, давсаг дүүрэн мэт санагдах боловч бүрэн суллаж болохгүй байх

Шээс гадагшлуулах явц:
Шээс дамжуулах замын доод хэсэг нь давсаг болон шээсний сүвээс тогтоно. Хэвийн үед давсаг шээсийг хадгалж, шээх үед сулардаг. Шээс хадгалах үед давсаг суларч шээсний сүвийн булчин чангардаг юм. Ингэснээр шээс гадагшлахгүй баригдаж байдаг бөгөөд шээх үед давсаг агшиж, шээсний сүвийн булчингууд сулардаг байна. Давсаг болон шээсний сүвийн үйл ажиллагаа хэвийн биш байгаа үед шээс хадгалах үед шээс урсан гардаг байна.
Давсагны үйл ажиллагаа алдагддаг дараах 4 шалтгаан байдаг. Үүнд:

• Мэдрэлийн тогтолцооны өвчнүүд: цус харвах, тэнэгрэл зэрэг нь давсагны үйл ажиллагааг хянаж чадахгүйд хүргэдэг. Давсагийг хянаж чадахгүй бол шээсээ барьж чаддаггүй.
• Давсагны булчин сулрах үед давсаг шээсээ бүрэн суллаж чадахгүй ба шээсээ тогтмол дусаадаг байна. Энэ нь голдуу чихрийн шижингээс шалтгаалдаг.
• Настай эрэгтэй хүнд томорсон түрүү булчирхай давсагны булчинг цочироодог. Ийм тохиолдолд хүн давсагаа хянаж чаддаггүй бөгөөд шээс алдахад хүрдэг. Хэсэг хугацааны дараа түрүү булчирхай нэмж томорсноос болж шээсний сүв хэсэгчлэн дарагдаж давсганд шээс хадгалагдахад хүргэдэг.
• Настай эмэгтэйчүүд аарцагны булчин сулрах нь элбэг байдаг. Эдгээр булчингууд нь шээсний сүвийг дэмжиж өгдөг байна. Олон төрөх, таргалах, хөдөлгөөн дутагдах, цэвэршилтийн үеийн дааврын өөрчлөлт зэрэг нь аарцагны булчингуудыг сулруулснаар хүч гаргах үед шээс гарах нөхцлийг бүрдүүлдэг байна.

Хийгдэх эмчилгээнүүд:
Шээс задгайрах эмгэгийг давсагны булчинг нөхөн сэргээдэг физик эмчилгээгээр эмчлэх, сайжруулах, бүрэн эдгээх боломжтой байдаг.
Аарцаг ёроолын булчинг нөхөн сэргээж буй физик эмчилгээний сонгомол арга нь давсагаа хянах энгийн болоод ямарч сөрөг үр дагваргүй. Төгс эмчилгээний арга юм. Давсаг, үтрээний цагирган булчингуудийг чанглаж, тогтсон цагаар шээх зэрэг аргуудыг ашиглах хэрэгтэй. Аарцагны булчинг чангалах дасгал хийж байх нь эрэгтэй, эмэгтэй ямар ч хүнд давсаг, шээсний сүвийг дэмжихэд тустай байдаг.

Урьдчилан сэргийлэлт
Та дараах зан үйлийг хэвшүүлсэнээр шээс задгайрахаас сэргийлж болно:

• тогтсон цагт давсагаа бүрэн суллаж хэвших. Давсаг дүүрсэн байхад хэт удаан барих, хэт ойр ойрхон шээхийн аль аль нь давсагны үйл ажиллагаа алдагдахад хүргэнэ.
• Шээсний сүвийг барьж байдаг булчингуудыг чангаруулахын тулд Кегелийн дасгалыг тогтмол хийх
• Хүнд юм өргөхөөс зайлсхийх
• Эмч хориглоогүй бол та өдөрт 6-8 аяга шингэн ууж бай.
• Архи кофе -ний төрлийн ундааны хэрэглээг багасгах
• Хүнсний бүх төрлийг агуулсан зохистой хоол хэрэглэж байх, биеийн жинг хэвийн хэмжээнд барьж байх
• Хоол хүнсэндээ хангалттай хэмжээний шингэн болон эслэг эд хэрэглэж, дасгал хөдөлгөөнийг тогтмол хийснээр өтгөн хатахаас сэргийлж, улмаар давсагны үйл ажиллагаанд сөрөгөөр нөлөөлөхөөс хамгаалах.

Шээс задгайрах шинж тэмдэгүүд илэрч таны өдөр тутмын амьдралд нөлөөлж байвал та манай төвд хандаарай.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *