хайх үгээ бичих

Онцлох мэдээ Эрэн сурвалжлах

Эрээнд барьцаалагдсан хүүхдүүд БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД өртөж байжээ

Түгээх

Бага насны гурван хүүхэд хилийн чанадад хүчирхийлэлд өртсөн гэх мэдээллийн дагуу хүүхэд хамгааллын чиглэлд төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж, хохирогч хүүхдүүдийг эх оронд нь авчирсан тухай мэдээллийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх мэдээлсэн. Энэ талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хуулийн зөвлөх А.Энхбаатараас тодрууллаа.

-Эцэг, эх нь гурван хүүхдээ БНХАУ-д барьцаанд үлдээсэн байсныг Монголд авчирсан гэх мэдээлэл байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Энэ бол гурван тусдаа хэрэг. Болсон хэрэг явдлын тухайд хувь хүний нууцад хамаарч байгаа учраас хохирогчдын талаарх нарийн мэдээллийг нууцлах нь зүйтэй. Эхний хэргийн тухайд өсвөр насны хүүхэд хилийн чанадад бэлгийн хүчирхийлэлд өртөж байна гэх дуудлага мэдээллийн дагуу Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас эрх нь зөрчигдсөн гурван хүүхдийн хэрэг дээр ажилласан.

-Энэ хэрэг хэзээ, хаана гарсан юм бэ?

-2018 оны эхээр өсвөр насны эмэгтэй хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хэрэг Эрээн хотод үйлдэгдсэн. Хохирогч охин өмнө нь бэлгийн хүчирхийлэл, ар гэрийн үл хайхрах хүчирхийлэлд өртөж, эрх нь зөрчигдсөн байсан ба энэ хэргийг БНХАУ-ын цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Харин энэ хэрэг дээр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хамгааллын үйлчилгээ үзүүлж байна.

-Одоо хүүхдүүдийн биеийн болон сэтгэлзүйн байдал ямархуу байна вэ?

-Хятадаас хүүхдүүдийг авчирч, хамгааллын үйлчилгээ үзүүлэн, эрүүл мэндийн үзлэгт хамруулж, боловсролын үйлчилгээтэй холбон зуучилж өгсөн. Одоо хүүхдүүдийн биеийн болон сэтгэлзүйн байдал дээрдсэн. Хүүхдүүд ерөнхий боловсролын сургуульд сурч, хүүхэд хөгжлийн үйлчилгээ буюу дугуйлан, секцэнд явж эхэлсэн. Асрамж хамгааллын байгууллагад хүмүүжиж байгаа.

-Эцэг, эх нь бизнесийн барьцаанд үлдээсэн гэх мэдээлэл байна үүнд тайлбар өгөхгүй юу?

-Барьцаанд тавьсан тухайд хүүхдийг наашаа авчирах гэхээр эцэг, эхэд нь мөнгөгүй байснаас асуудал эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдийн эцэг, эх амьдарч байсан буудлынхаа мөнгийг төлж чадахгүй байсан учраас хүүхдүүдийн баримт бичгийг буудлын барьцаанд авч үлдсэн байдаг. Тус улсад 30 хүртэлх хоног визгүй зорчих хугацаа хэтэрсэн, дахин төлбөр мөнгө төлж чадаагүй байсан учраас дээрх байдал үүссэн.

-Дээрх хэргүүдийг Монгол Улсын хууль цагдаагийн байгууллагад шалгах боломжтой юу? Хүүхдүүдийн асран хамгаалагч нарт ямар хариуцлага тооцсон бэ?

-Энэ хүүхэд маань БНХАУ-ын нутаг дэвсгэрт бэлгийн хүчирхийлэлд автаж, хохирогч болсон учраас тус улсын хуулийн дагуу шалгаж байгаа. Асран хамгаалагч нарын хувьд нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Хариуцлагын асуудал мэдээж яригдаж байгаа.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *