хайх үгээ бичих

Эрэн сурвалжлах

АТГ: Ч.Ганзоригийг үргэлжлүүлэн хорих саналтай байна

Түгээх

Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас сар бүрийн 25-ны өдөр зохион байгуулдаг хэвлэлийн хуралд Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцож, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 –Өнгөрсөн шөнө “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ч.Ганзоригийг саатуулсан. Энэ хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-“Жаст” группийн захирал асан Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулан Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан байдаг. Энэ хэрэгт холбогдуулан тухайн үеийн “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг яллагдагчаар татаж, саатуулан шалгаж байна. Өнөөдөр прокуророос Ч.Ганзоригийг цагдан хорих санал тавьсан байгаа. Түүнийг үргэлжлүүлэн хорих эсэх нь шүүхээр шийдэгдэнэ.

-Ч.Ганзоригоос гадна түүний туслахыг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээлэл байна?

-Энэ хэрэгт нийт таван хүнийг холбогдуулан шалгаж байна. Тодруулбал, “Жаст” группийн захирал асан Ш.Батхүү, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, Н.Мөнхжаргал, Б.Амарбат, А.Галбадрах нарын таван хүнийг шалгаж байна.

Хэргийн мөрдөн шалгалтын явц ямар шатанд явж байна вэ? Хэзээ шалгагдаж дуусах вэ?

-Энэ хэргийг удаан хугацаанд шалгаж байгаа  нь үнэн. Шалгалтын явцад гадаадын банкнаас орж ирсэн их хэмжээний мөнгө “Жаст” компани болон түүний хамаарал бүхий компаниудын үйл ажиллагаанд ашиглагдсан нь тогтоогдсон. Тийм учраас тус компаниудад шалгалт хийж байна. Энэ компанийн салбарууд монгол орны бүх аймаг, сумдад бий. Тэр салбар бүрт шалгалт явуулж, битүүмжилж, үнэлгээ хийж байна. Одоогоор ихэнхи салбаруудад шалгалт оруулсан байгаа. Тун удахгүй шалгалтын ажиллагаа дуусч хэргийг прокурор руу шилжүүлнэ.

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарын хэрэг ямар шатанд шалгагдаж байна вэ?

-Олон улсын гэрээтэй холбогдолтой хэрэг учраас хуулийн дагуу аль болохоор шуурхай шийдвэрлэхээр ажиллаж байна. Уг хэрэг дээр маш олон шинжилгээ хийгдэж байна. Бид нараас шалтгаалахгүйгээр шинжилгээний багийнхан шалгаж, танилцах материал их бий.  Шинжилгээний дүгнэлт гарсны дараа уг хэргийг прокурорт шилжүүлнэ. Үүний дараа прокуророос шүүх рүү шилжүүлнэ. Шүүхээр гэм буруутай эсэх тогтоогдоно. Одоогоор шинжээч нарын дүгнэлт гараагүй байна.

Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг иргэний гомдлын дагуу авлига авсан эсэхийг шалгаж байгаа гэсэн. Энэ хэрэг шалгагдаж дууссан уу?

-Монгол хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалтаас, Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн 17 хөрөнгөтэй холбоотой асуудлыг шалгуулахаар хандсан. Үүнд дээр хэрэг бүртгэлт нээж, шалгах ажиллагааг явуулсан. Дээр дурдагдсан бүх хөрөнгийг нэг бүрчлэн шалгасан. Энэ асуудалд ямар нэгэн байдлаар үндэслэлгүй хөрөнгөжсөн, авлига албан тушаалаа урвуулан ашигласан нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж хэргийг хаах саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн. Прокурор зарим нэг зүйлийг тодруулна. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Өнгөрсөн сараас эхлээд цагдаагийн дарга нарыг цагдан хорьж байгаа гэсэн асуудал яригдах боллоо. Энэ хэргийн талаар мэдээлэл өгнө үү?

-Цагдаагийн алба хаагчидтай холбоотой хэргийн тухайд цагдаагийн байгууллага ШШҮХ-ийн шинжээч нар худал дүгнэлт санаатай гаргасан гэсэн асуудлаар холбогдон шалгагдаж байсан шинжээч нарыг авлига хээл хахуулийн шинж чанартай асуудал тогтоогдож байгаа тул хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Улмаар ШШҮХ-ийн зохих шинжээч нарыг авлигын хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж шалгаж байгаа.

-60 тэрбумын хэрэг юу болж байгаа вэ?

-Прокуророос хэргийг хаасан. Ажлын хэсэгт орсон ТЕГ-ын үндэслэл бүхий баримтыг сэргээн шалгах шаардлагатай байна гэсэн хүсэлтийг дагуу дээд шатны прокурор хэргийг сэргээсэн. Ингээд гурван байгууллагын хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулах чиг үүргийг даалгасан. Хэрэг асуудлыг сэргээх, мөрдөн шалгах ажиллагааг явуулах нь прокурорын эрхийн асуудал. Одоогоор тагнуулын байгууллага дээр голлон төвлөрч, шалгалтын ажиллагаа явагдаж байна. Мөн прокурорын хяналтад шалгагдаад явж байгаа юм.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *