хайх үгээ бичих

Онцлох мэдээ Стратегийн орд Уул уурхай

Л.Энхболд: 60 ТЭРБУМ төгрөгтэй тэнцэх 340 мянган тн НҮҮРС АЛГА БОЛСОН нь ТОГТООГДЧИХЛОО

Түгээх

ZOX.MN – Монгол Улсын гурван сая иргэний ӨМЧ болох “Эрдэнэс Тавантолгой”-н лицензтэй талбайгаас 340 мянган тонн нүүрс алга болсон нь тогтоогдсон талаар УИХ-ын гишүүн Л.Энхболд өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Тэрбээр таван сарын өмнө нь 268 мянган тонн нүүрс ямар нэгэн гаалийн бүрдүүлэлт, баримт бичиггүйгээр буюу хулгайн замаар Монголоос гарсан талаар мэдээллийг Төрийн ордонд хийж байсан. Үүний дараа “Л.Энхболд гишүүн өөрийн ашиг сонирхлын төлөө худал мэдээлэл цацаж байна”, “Орон нутагт өндөр ашиг өгч байсан жижиг Тавантолгой компанийн үйл ажиллагааг санаатайгаар зогсоож алдагдал хүлээлгэж байна” гэх мэтээр олон мэдээлэл ар араасаа гарсан. Харин Л.Энхболд гишүүний ил гаргаж тавьсан энэ мэдээллийн мөрөөр шалгах үүргийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өгч, Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан Ажлын хэсэг МХЕГ, Гааль, татвар зэрэг 10 гаруй агентлагийг хамруулан байгуулсан юм. Ажлын хэсгийн шалгалтаар их хэмжээний нүүрс алддагдсан нь ҮНЭН болохыг тогтоосон байна. Үүгээр зогсохгүй алдагдсан нүүрсний хэмжээ 268 мянган тонн бус 340 мянган тонн хүрч өссөн нь шалгалтын явцад ил болжээ.

МОНГОЛЫН ГААЛИАР 390.000 ТН НҮҮРСИЙГ ТАВАНТОЛГОЙ ТРАСС КОМПАНИ

ЭХ ҮҮСВЭРГҮЙ ГАРГАЖЭЭ

УИХ-ын гишүүн Л.Энхболд өнөөдөр хийсэн мэдээллийнхээ эхэнд “Засгийн газрын хуралдаанаар өнгөрөгч долоо хоногт “Эрдэнэс Тавантолгой”-н лицензтэй талбайгаас нүүрс алдагдсан асуудлаар хийсэн Ажлын хэсгийн шалгалтын дүнг хэлэлцсэн. Уг хуралдааны дүгнэлт өнөөдөр албажиж, дөнгөж сая миний гар дээр ирлээ. Нийт 10 гаруй агентлагийн хамтарсан ажлын хэсгийн дүгнэлтээс зөвхөн Гаалийн ерөнхий газар шалгалтын дүгнэлтийг харахад Монгол Улсын гаалиар эх үүсвэргүйгээр 390 мянган тонн нүүрс гарсан байна. Эх үүсвэр нь тогтоогдоогүй учир үүнийг хууль, хяналтын байгууллага шалгаж тогтоох ёстой гэсэн шийдвэрийг Засгийн газар гаргасан гэж ойлгож байна. Нөгөө талаар ХХЕГ-аас Монголын гаалиар 2013-2017 онд нийт 849.121 машин гарсныг мэдээлсэн. Тэгвэл Гаалийн ерөнхий газраас 814 мянган машин гарчээ гэсэн мэдээлэл өгсөн. Энэ хооронд 35 мянган удаа автомашин гарч байгаа юм. Энэ нь олон удаагийн давтамжаар цөөн хэдэн машин хил нэвтэрсэн. Зарим нь хоосон гарсан гэж байгаа. Тэгвэл үнэхээр хоосон гарсан эсэхийг шалгаж тогтоох үүргийг ХЗДХ-ийн сайдад өгөөд байна. Нүүрс тээврийн машинууд 80-125 тонн даацтай. Дунджаар 90 тонн гэж бодоход 3 сая тонн нүүрсний асуудал босохыг үгүйсгэхгүй. Ийм учраас хууль хяналтын байгууллагад шилжүүлж байгаа” гэв.

Л.Энхболд гишүүний мэдээлэлд дурдагдсанаас онцолбол,

МХЕГ-аас гаргасан дүгнэлтэд “Эрдэнэс Тавантолгой”-н лицензтэй талбайгаас 268 мянган тонн бус 340 мянган тонн нүүрс алдагдсаныг тогтоосон байна. Тэр бүү хэл 340 мянган тонн нүүрс нь эсэлдсэн, коксжсон гэх мэт ямар нэг ангилалгүй. Энэ хэмжээний нүүрсийг мөнгөн дүнгээр бодвол 25 сая ам.доллар буюу 60 тэрбум төгрөгтэй тэнцэх аж. Ийм хэмжээний өмч ард түмний халааснаас алга болжээ.

Эх үүсвэргүй гарсан 390 мянган тонн нүүрс ямар компаниар дамжиж хилээр нэвтэрснийг шалгахад “Тавантолгой транс” буюу Орон нутгийн өмчит Тавантолгой компанийн нүүрсийг тээвэрлэдэг компани дангаар тээвэрлэсэн нь тогтоогдсон аж. Орон нутгийн Тавантолгой компаниас 206 компани гэрээтэйгээр нүүрс дамжуулан борлуулдаг ч ганц “Тавантолгой транс” компани дээрх хэмжээний нүүрсийг эх үүсвэргүйгээр хил гаргасан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, аль нэгэн аж ахуйн нэгжээс худалдаж авсан гэсэн санхүүгийн баримт байхгүй аж. “Тавантолгой трасс” компанийн зарим нэг санхүүгийн баримтыг шалгах гэхэд “үерт явсан” гэх тайлбарыг өгчээ. Дашрамд дурдахад, Засгийн газраас байгуулсан Ажлын хэсгийн дүгнэлтэд дурдагсанаар “Тавантолгой транс” компанийн хөрөнгө оруулагч Д.Бат-Эрдэнэ 70 хувь, захирал Д.Дагвадорж 20 хувь эзэмшдэг аж.

-“ЖИЖИГ” ТАВАНТОЛГОЙ ЗУРГААН ЖИЛ УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГҮЙ

АЖИЛЛАСНЫГ ТОГТООЖЭЭ-

Үүгээр зогсохгүй Орон нутгийн өмчит Тавантолгой компани бүтэн зургаан жил Уулын ажлын төлөвлөгөөгүй ажилласныг тогтоосон талаар Л.Энхболд гишүүн тодотгож байв. Үүнийг хянаж байх ёстой байгууллагууд ажлаа хангалтгүй хийсэн учир хууль, хяналтын байгууллагуудыг чангатгах ёстойг энэ үйлдэл харуулж буй. Уулын ажлын төлөвлөгөөгүй явснаар баялгийг сорчилж олборлосон, газрын хэвлийг дур мэдэн ашигласан гэх мэт олон зөрчил дагуулж байгааг энд онцолсон юм.

Мэдээллийн төгсгөлд УИХ-ын гишүүн Л.Энхболд “Би УИХ-ын гишүүний хувьд, Монголын ард түмнийг төлөөлж буй хувьд иргэдийн өмчийг хамгаалах үүргээ л гүйцэтгэж байна. Таван сарын өмнө Монголын ард түмний өмчөөс 268 мянган тонн нүүрс алга болжээ гэж миний хийж байсан мэдэгдэл өнөөдөр нотлогдлоо. Харин энэ хохирлыг хэн төлж барагдуулахыг хуулийн байгууллага тогтооно. Тодорхой хугацааны дараа энэ хохирлыг хэн нэгэн төлөх нь үнэн болж байна. Монголын ард түмнийг нэг ААН “үерт явсан” гэх мэт тайлбараар доромжилж болохгүй. Намайг мэдээлэл хийсний дараа Л.Энхболд орон нутгийнхаа компанийг санаатай зогсоолоо гэж цахимаар бичиж эхэлсэн. Энэ дагуу би МХЕГ-т хандаж ямар үндэслэлээр энэ компанийн үйл ажиллагаа зогссоныг лавлахад, Засгийн газраас байгуулсан Ажлын хэсэг шалгаж олон зөрчил илрүүлэн, хуулийн дагуу зөрчлийг арилгуулахаар түр зогсоосон байсан. Маш олон зөрчил гарсан. Миний хувьд ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил, өс хонзон санасан зүйл байхгүй. Гол нь Монголын ард түмний өмчийг төлөөлж хэн авсан нь тогтоогдоогүй нүүрсийг төлнө гэж нэгэн компанийн гүйцэтгэх захирал гарын үсэг зурж байгааг тогтоох ёстой байсан юм. Тэр нь Орон нутгийн өмчит Тавантолгой ХК байсан болохоос энэ компанитай зөрчилдөөд өсөрхөөд байх зүйл байхгүй” гэсэн юм.

331 тэрбум төгрөгийн хөрс хуулалтын ажлыг ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр, гүйцэтгэсэн ажлыг тулгалгүйгээр тухайн компанид төлбөр тооцоо хийсэн байгааг Өмнөговь аймгийн Аудитын газраас хийсэн шалгалтаар мөн тогтоожээ.

Засгийн газраас ямартаа ч Ажлын хэсгийн дүгнэлттэй танилцаж, дээрх хууль зөрчсөн байж болзошгүй бүх зөрчлүүдийг арилгуулахыг Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж, Д.Сумъяабазар зэрэг сайдуудад өгөөд байна. Мөн шаардлагатай бол дахин нарийвчилж шалгах Ажлын хэсэг байгуулж ажиллахыг Ерөнхий сайд үүрэгджээ. Монголын ард түмний өмч болсон байгалийн баялгаас 340 мянган тонн буюу 60 орчим тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний нүүрс алдагдаад байгааг баримтаар нэгэнт тогтоосон учир цаашид энэ хэмжээний хохирлыг хэн төлөх, асуудлыг хэрхэн эцэслэхийг харах үлдлээ. “268 мянган тонн хог хилээр гарчихаж” гэх мэтээр мэдээллийг дарж, намжаах гэж өнгөрсөн хугацаанд олон янзаар оролдож байсан ч “Алдагдсан нүүрсний хэрэг” цааш өрнөх нь. Харин чухал хууль, хяналтын байгууллага хэр шударга ажиллахаас л төгсгөлийн үр дүн шалтгаалах бололтой.

Г.Билгүүн

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *