хайх үгээ бичих

Онцлох мэдээ Эрэн сурвалжлах

Ц.Бат-Өлзий: Төрийн хувцас өмссөн тэр хүмүүсээс ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ амь насыг нэхнэ

Түгээх

Хоёр жилийн өмнө гэр бүлийн 7 иргэнийг машинтай явж байхад нь машин шахаж эсрэг урсгал руу оруулсны улмаас осолдож, машинтайгаа шатаж нас барсан харамсалтай хэрэг гарч байсан билээ. Энэхүү хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа хоёр жилийн хугацаанд үргэлжилсний эцэст өнгөрөгч долоо хоногт уг хэргийг Төв аймгийн прокурорын газраас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм.

Талийгаач эмэгтэйн ээж Ц.Бат-Өлзийтэй  ярилцлаа.

-Хэргийн мөрдөн байцаалт шударга бус явагдсан гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Энэ хэргийн мөрдөн байцаалт явагдаж байхад биднийг хэвлэл мэдээлэлд хандаж болохгүй гэж маш удаан хүлээлгэсэн. Төв аймгийн цагдаагийн газарт шалгаж дуусаад, надад нэг цаас өгөөд гарын үсэг зур гэсэн. Түүнээс өөрөөр хэргийн материалтай энэ хугацаанд нэг ч удаа танилцуулж байгаагүй. Гэтэл хэргийг аймгийн прокурорын газарт шилжүүлсний дараа Ууганцэцэг гэдэг прокурор хэргийг хэрэгсэхгүй болголоо гэсэн. Хэрэг хаагдсаны дараа бид нар хавтаст хэрэгтэй танилцахад гол гол гэрчүүдээс мэдүүлэг аваагүй, зөвхөн Цэцэгшадар буюу хүүхдүүдийг эсрэг урсгал руу шахсан машины жолооч, нөгөө урсгалаар ирж байсан машины жолооч, зорчигч нарын мэдүүлгийг үндэслээд нас барсан хүмүүсийн буруу болгоод хаачихсан байна.

-Таны нэр дурдсан хүмүүсээс гадна хэдэн гэрч байсан юм бэ? Эдгээр гэрчүүд цагдаад мэдүүлэг өгөөгүй хэрэг үү?

-Хэргийг хөндлөнгөөс харж байсан гэрчүүд бий. Хөндлөнгийн гэрчүүд приус машин өөрийн урсгалаараа явж байтал 8558-УНУ дугаартай Ланд-100 маркийн машин эсрэг урсгал руу шахахад тормоз гишгээд улаан тоосгон байшингийн урдхан зогссон гэж хэлдэг. Ингээд зогссон байхад нь нөгөө талаас нь 0116-УНА Ланд-200 машин мөргөөд гал гарсан гэдэг.

-Эсрэг урсгал руу шахаж оруулсан гэх машины жолооч Цэцэгшагдарын эхнэр нөхрийгөө буруутган хашгирч байсан тухай хурал дээр дурдсан. Энэ талаар?

-Тийм. Миний охин осолд орчихоод манцуйтай хүүхдээ тэврээд аврал эрээд хашгирч байхад тэд нар нүүрээ буруулаад зугтсан байсан. Ослын дараа Цэцэгшагдарын эхнэр машинаасаа бууж ирээд “Чамайг хэрэггүй гэж байхад яаж байгаа юм бэ, чи хүн алчихлаа” гэж хашгирч байсан гэсэн. Тэгээд цаашаа хөдлөөд машинтайгаа суварга тойрчихоод явсан гэсэн. Гэмгүй хүмүүс ийм зүйл хийхгүй. Очоод туслах байсан. Гэтэл тэгээгүй цаашаа зугтаж гэмээ цайруулах гэж суварга тойрсон байгаа юм.

Харин мөрдөн байцаалтын явцад халуун зунаар даарсан учраас тэр өдөртөө эргээд Улаанбаатар орсон, хотод очоод гэртээ хариагүй эхнэрийнхээ хуурай ахынд очсон, хэзээ гэртээ хариснаа мэдэхгүй, санахгүй байна гэсэн байгаа юм.

-Хавтаст хэргийн материалд хэрэг гарсан өдрийн он сарыг өөрчилсөн гэх мэдээлэл байсан. Энэ үнэн үү?

-Энэ хэрэг 2016 оны 8-р сарын 5-ны өдөр гарсан. Гэтэл хэргийг анх нээхдээ нэг жил ухраагаад 2015 оны 9-р сарын 29-ны өдөр гарсан гэж тэмдэглэсэн байсан. Харин Цэцэгшагдарыг хэрэг гарснаас нэг жилийн дараа буюу 2017 онд барьсан ч, мөн хавтаст хэрэгт тэмдэглэхдээ 2016 оны 8-р сарын 30-нд олсон гэж тэмдэглэсэн байна лээ. Хэрэг гарсан өдрийг өөрчлөх дүрэм гэж баймааргүй юм. Үүний учрыг олж шалгах байх гэж найдаж байгаа.

-Машин осолдсоны дараа ирж мөргөсөн Ланд-200 машинд замын цагдаагийн алба хаагчид зорчиж явсан байсан гэсэн? Энэ тухайд?

-Биднийг энэ хэргийг хууль бусаар хуйвалдаж шийдсэн гэж хардах үндэслэлүүдийн нэг бол энэ юм. Тухайн машиныг Баатарсүрэн гэдэг хүн жолоодож явсан. Энэ хүн өөрөө Замын цагдаагийн ажилтан. Дотор нь хамт явсан хүмүүс нь Өвөрхангай аймгийн замын цагдаагийн газрын ахлах зохицуулагч Энхболд, тэрний эхнэр мөн Өвөрхангай аймгийн замын цагдаагийн газрын ерөнхий нягтлан бодогч Анхчимэг гэдэг хүмүүс хамт явсан. Энэ хүмүүс эхний дүгнэлтээр 100-120 км цагийн хурдтай буюу хурд хэтрүүлэн явсан гэсэн боловч сүүлд хэвийн хурдтай явсан гэж өөрчлөгдсөн байсан. Энэ хүмүүс төрийн өмнөөс хувцас өмсөөд явж байгаа хүмүүс. Өөрсдөө хууль сахиулагч нар байж дүрмээ зөрчиж, зөрчсөний учраас манцуйтай хүүхэд хөхүүл эх амьдаараа шатаж нас барсан юм. Өнөөдөр би энэ хүмүүсээс амийг нь нэхмээр байна.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *