хайх үгээ бичих

Эрэн сурвалжлах

АТГ: Н.Цэрэнбат, Д.Сарангэрэл нар ашиг сонирхлын зөрчил гаргасан байж болзошгүй 

Түгээх

Өнөөдөр Авлигатай тэмцэх газраас энэ сарын хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагаа, хэрэг шийдвэрлэлтийн талаар мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн хуралд Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцсон юм.

Энэ үеэр Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү “Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд өнгөрсөн 2 жилийн хугацаанд яам агентлагуудад ажиллаад илэрсэн зөрчил, дутагдлыг давтан гарахаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргүүлсэн. Зөвлөмжийн хэрэгжилтийг хянан үзэхэд биелэлт хангалтгүй, бодитой ажил хийгдэхгүй байгаа нь авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг давтагдах нөхцлийг бүрдүүлээд байна.

Тухайлбал, Байгаль, орчин аялал жуулчлалын яаманд засвар хийх, хурлын заалны тоног төхөөрөмж нийлүүлэх нийт 200 орчим сая төгрөгийн тодорхой хэсгийг ном, товхимлын мөнгө мэтээр халхавчлан тус яаманд хэрэгжиж буй төслийн мөнгөнөөс “Эрдэнэзул” ХХК руу шилжүүлж бэлэн мөнгө болгон гарган авч засварын ажлыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын хамаарал бүхий өөр компани гүйцэтгэсэн байж болзошгүй нөхцөл байдал  тогтоогдсон. Мөн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нь өөрийн туслахаар ажиллаж байсан Б-г Төрийн захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтнээр томилсон, өөрийн хүүгийн жолоочоор ажиллаж байсан хүнийг Хөрөнгө оруулалтын газрын даргаар томилсон” гэх асуудлыг хянан шалгахад “Б” нь Эрүүл мэндийн сайдын туслахаар нь ажиллаж байсан, Бодлого төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч “Ө” нь Эрүүл мэндийн сайдын төрсөн хүүтэй нь найз бөгөөд дээрх ажлын байрны саналыг түүнээс авсны үндсэн дээр томилогдсон нөхцөл байдал тогтоогдсон тул холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна” гэлээ.

Мөн өнгөрч буй сард Ашигт малтмал, газрын тосны газрын эрх бүхий албан тушаалтнууд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хууль бусаар олгосон, Зэвсэгт хүчний дугаар ангийн санхүүгийн дарга, нягтлан бодогч, нярав зэрэг албан тушаалтнууд ажилчдад олгох цалингийн хэмжээг сар бүр нэмэгдүүлж улмаар хувьдаа завшиж улсад онц их хэмжээний хохирол учруулсан, “Монре даатгал” ХХК-ийн удирдах албан тушаалтан бодит байдлыг нуун дарагдуулж даатгалд хамаарах бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 426 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргүүдийг шинээр нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байна.

Түүнчлэн “МИАТ” ТӨХК-ийн удирдах албан тушаалтнууд нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлжээ.

Хурлын төгсгөлд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

АТГ-ын дарга Х.Энхжаргалын охин “Шарын гол”-ын уурхайн ТУЗ-ийн даргаар ажилладаг гэх мэдээлэл байна?

-АТГ-ын дарга Х.Энхжаргалд 19 настай охин байхгүй. Шарын гол компани болон аль нэг төрийн байгууллагын ТУЗ-д ажилладаг хүүхэд байхгүй. АТГ-ын нэр хүндэд халдах, үйл ажиллагааг саармагжуулах гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн үйл ажиллагаа, худал мэдээлэл гэж үзэж байна. Дээрх мэдээллийг анх олон нийтэд цацаг төөрөгдүүлсэн хүн бол АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүн бөгөөд ажиллаж буй байгууллагынхаа нэр хүндэд халдаж байгаа үйлдлийг бид цагдаагийн байгууллагад шалгуулна.

-АТГ-аас 60 тэрбумын хэргийг сэргээн шалгаж байгаа гэсэн. Энэ талаар?

-Прокурорын байгууллагатай хамтарсан ажлын хэсэг гарч энэ хэргийг сэргээн шалгаж эхэлсэн. Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна.

-Өнөөдөр МУИС-ийн нэр бүхий албан тушаалтнуудад хэрэг үүсгэсэн гэх мэдээлэл гарсан байна?

-Тус сургуулийн багш нарыг авлигын хэргээр шалгасан зүйл байхгүй. Зөвхөн хөрөнгө санхүүгийн шалгалт оруулаад байгаа юм. Хараахан тодорхой болоогүй байгаа учир нэр дурдах боломжгүй.

-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр нарын хэргийн явж аль шатандаа явж байна вэ?

-Хоёр сайдын хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Тун удахгүй зарим шинжилгээний байгууллагын дүгнэлт гарах байх.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *