хайх үгээ бичих

Нийгэм

Стандарт хэмжилзүйн газарт өрнөж буй хууль бус үйл ажиллагаа

Түгээх

Засгийн Газрын тохируулагч агентлаг Стандарт, Хэмжил Зүйн Газарт ёс бус, шударга бус, хууль бус үйлдлүүд гарсаар байгааг анхааралдаа авч, тус газарт  шалгалт хийж хуулийн дагуу зохих ёсны арга хэмжээ авах хэрэгтэй байгааг онцолж байна.

Стандарт хэмжил зүйн газарт олон шударга бус үйлдэл гарч байгаа талаар цувралаар хүргэсэн.  Мэдээлэл бүхэн баримт нотолгоотой байсан бөгөөд сэтгүүлчийг үнэн зөв мэдээлэл нийтэлсний төлөө цагдаад гурван удаа шалгуулсан байдаг. Цагдаагийн байгууллага зургаан сарын турш сэтгүүлчийг шалгаж гэм буруугүй болохыг тогтоосон.  Үүнийг нь Баянзүрх дүүрийн эрүгийн хэргийн анхан шатны шүүх баталгаажуулж, сэтгүүлч А.Баярмаа бусдыг гүйтгээгүй гэдгийг тогтоосон. Стандарт хэмжил зүйн газарт ямар хууль бус үйлдлүүдийг  хүргэж байна.

 Үнэт цаас, тамга хуурамчаар үйлдсэн

Иргэн, ААН барилга байгууламж барьж байгаа бол цахилгаан, халуун, хүйтэн усандаа тус бүрт нь нэг тоолуур авч түүндээ Стандарт хэмжил зүйн газраас баталгаажуулалт  гэж гурван ширхэг алгын чинээ цаас авдаг. Баталгаажуулалт нь өөрөө үнэт цаасан дээр хэвдэгддэг болохоор хувилах болон хуурамчаар үйлдэх юм бол гэмт хэрэгт тооцогдох боломжтой.

Тэгвэл энэхүү баталгаажуулалтын хуудсыг  СХЗГ-ын зарим улсын шалгагч нар нь өөрсдөө цаас, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж, өөр хоорондоо шилжүүлэн ашиглаж байсан нь иргэд, хуулийн этгээдийг хуураад зогсохгүй улсад маш их хэмжээний хохирол учруулсан байгаа юм. 2012-2014 оны хооронд маш олон удаагийн давтан үйлдэлтэй энэ хэрэг 2015 онд байгууллагын дотоод шалгалтаар илэрсэн байна. СХЗГ-ын хэсэг ажилтнууд үнэт цаасыг хуурамчаар үйлдсэн болох нь Стандарт хэмжил зүйн газрын даргын 2015 оны Б/67 тоот тушаалаар тогтоогдог.

Ийнхүү гэмт хэрэг үйлдсэн нь тодорхой байхад СХЗГ-ын дарга нь цагдаа хуулийн байгууллагад гэмт хэргийг нэн даруй мэдэгдэж, шалгуулах үүрэгтэй боловч дарга Г.Гантөмөр  ажилдаа хайнга хандсан уу, санаатайгаар хэргийг цагдаад шалгуулаагүй юу гэдэг нь өнөөдөр таавар хэвээр байна. Гэвч манай сайтыг энэ хэргийг мэдээлсний дараа цагдаагийн байгууллагад хандсан байдаг.

2017 оны 12-р сард энэ гэмт хэргийн талаар  сэтгүүлч эрэн сурвалжлага хийж мэдээлсний дараа л СХЗГ-ынхан цагдаад хэргийг шалгуулахаар хандааад, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хаалгасан байдаг. Ямар учраас үнэт цаас, тамга тэмдэг хуурамчаас хийсэн үйлдэл гэмт хэрэг биш болов, хохирлын хэмжээг яагаад тогтоохгүй байна гээд дахин шалгах шаардлагатай олон зүйл дутуу үлдсэн хэвээр байна. Хэчнээн орон сууцанд ийм хуурамч гэрчилгээг тараасныг нь тогтоох зайлшгүй шаардлагатай. Айл өрхөд тавьдаг тоолуурын нэг ширхэг гэрчилгээ 6 000 төгрөг гэж үзэхэд хэчнээн айлын тоолуурт энэ хуурамч гэрчилгээгээ шахаж байсан бол гэж ойролцоогоор тооцоод үзэхэд л хэдэн зуун сая төгрөгөөр хэмжигдэхээр байгаа.

Хуурамч гэрчилгээ авсан айл өрхүүдийн тоолуур албан ёсны баталгаажуулалт хийгээгүй болохоор буруу хэмжиж иргэд болон Монгол улсад хичнээн хэмжээний хохирол учруулж байгаа нь таавар хэвээр байна.

Шинэ, хуучин Эрүүгийн хуулийн нугалаан дунд энэ  хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Үүн дээр тус байгууллагаас асуудыг олон нийтийн анхааралд хүргэсний дараагаар цагдаад хандаж байгаа нь эргэлзээ төрүүлж байна.

Харин улсад маш их хэмжээний мөнгөн  хохирол учруулсан этгээдүүд өнөөдөр ямар ч хариуцлага тооцуулахгүй, эрх чөлөөтэй явж байна.  Үүн дээр СХЗГ-ын дарга даамлууд өнөөдрийг хүртэл ямар ч тайлбар хэлж чадахгүй балмагдсан байдалтай сууна.

Яг энэ асуудлаар Стандарт хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөрөөс тайлбар авахаар ажлын байранд нь очиход байдаггүй, гар утсаа авдаггүй, хэвлэлийн алба нь холбож өгдөггүй.

Монгол улсад байхгүй байгууллагын тамгаар ном зарж улсын төсөвт төвлөрүүлдэггүй.

“Чанарын Менежементийн Тогтолцоо-Шаардлага“, “Менежементийн Тогтолцоонд Аудит Явуулах Заавар” гэх энэхүү хоёр номыг Стандарт хэмжил зүйн газар Европын холбооноос хэрэгжүүлсэн төслийн хүрээнд хэвлүүлсэн байдаг.

Тус бүр нь 300 ширхэг хэвлүүлсэн гэж байгаа ч “Сэлэнгэ пресс” компанид нэмэлтээр дахин хэвлүүлсэн гэдгийг шүүх хурлын танхимд тус байгууллагын албан хаагч, хурган дарга нар  түгдрэн байж хэлж байсан удаатай. Стандарт зардаг байгууллага  стандартын ном зарж болох ч  Монгол улсад байхгүй  байгууллагын санхүүгийн тэмдэг ашиглан ном худалдаалж байгаа нь өөрөө булхай юм.

Өөрөөр хэлбэл 2016 оны сонгуулийн дараачаас Стандартчилал, Хэмжил Зүйн Газрыннэрнээс “-ИЧЛАЛ” гэснийг хасаж  Стандарт, Хэмжил Зүйн Газар болгосон.  Тэгэхээр өнөөдөр Монгол улсад “Стандарт, Хэмжил Зүйн Газар” гэж байдаг ч “Стандартчилал, Хэмжил Зүйн Газар” гэх байгууллага байхгүй.

Мөн ном зарахдаа зөвхөн бэлэн мөнгөөр зараад, захын нэг лангууны ашигладаг зарлагын баримт дээр ахлах мэргэжилтэн нь гарын үсэг зураад, Монгол Улсад Байхгүй байгууллагын санхүүгийн тэмдгээр баталгаажуулан хэрэглэгчид баримт гээд өгч байсан байна.

Ном зарсан мөнгөө Төрийн сангийн дансанд хийдэггүй, санхүүгийн тайландаа тусгадаггүй нь энэхүү орлогоо нууж байсны илрэл юм. Номыг хосоор 200.000 төгрөгөөр зардаг байсан бөгөөд 300 ш номны 60 000 000 төгрөгийг төрийн сангийн дансанд хийхгүй нуун дарагдуулна гэдэг яах аргагүй хууль бус үйл ажиллагаа мөн биздээ?

Стандарт хэмжил зүйн газар нь Хяналт шалгалын байгууллагад энэ талаар тайлбар өгөхдөө Шадар сайдын эрх олгосны дагуу худалдаалсан хэмээн нэгэн албан тоот үзүүлдэг боловч Шадар сайдын албан тоотод энэ номны мөнгийг дансанд оруулахгүй бэлнээр авч, ашиглаж болно гэж огт зөвшөөрөөгүй, зөвхөн 2015 оны ажил үйлчилгээний авлагаас  2016 онд хийх тодорхой хэдэн зүйлийг санхүүжүүлэх зөвшөөрөл өгсөн байдаг. Энэхүү ном нь 2016 онд анх хэвлэж 2016, 2017 онуудад зарж байсан нь Шадар сайдын албан тооттой огт хамааралгүй гэдэг нь харагдаж байгаа юм.

Ийнхүү хууль хяналтын байгууллагад хүртэл худал тайлбар өгч, хэргээ нуун харагдуулж байна.

 Байгууллагын машиныг хувьдаа ашигладаг

Албаны машиныг хувийн мэт ашигладаг олон баримтын зөвхөн нэг жишээ нь 2015 оны 07-р сарын 14 – 15-ны бүх нийтийн амралтын өдрүүдэд Стандарт, Хэмжил Зүйн Газрын дарга Г.Гантөмөр нь өөрийн эхнэр Л.Уранжаргал болон байгууллагынхаа жолооч Ц.Цогтбаатар, хэсэг албан хаагчид, тэдний гэр бүлүүдийн хамт Хэнтий аймаг Хар Зүрхний Хөх нуурт очиж амарсан байдаг.

Ингэж амарч явахдаа Стандарт, Хэмжил Зүйн Газрын 00-91 УНА улсын дугаартай Тоёота Ланд Круйзер маркийн автомашиныг СХЗГ-ын жолооч Ц.Цогтбаатараар жолоодуулж явсан байна. 00-91 УНА улсын дугаартай автомашинд нь СХЗГ-ын дарга Г.Гантөмөр болон түүний эхнэр Л.Уранжаргал нар сууж явсан бөгөөд бусад хүмүүс нь өөрсдийн хувийн унаагаар явжээ.

Зураг 1. 2015 оны 07-р сарын 14-ны өдөр Хар зүрхний Хөх нуур явах замдаа Хэнтий аймгийн нутагт Хэрлэн голын хөвөөнд хоол хийж идэх гэж буй зураг. Зүүн гар талаас СХЗГ-ын дарга Г.Гантөмөрийн эхнэр Л.Уранжаргал, (Зураг дээр баруун гар талд СХЗГ-ын 00-91 УНА улсын дугаартай Тоёота Ланд Круйзер маркийн автомашин)

Зураг 2. Зүүн гар талаас СХЗГ-ын ахлах мэргэжилтэн Ц.Энхбаатар, СХЗГ-ын дарга Г.Гантөмөрийн эхнэр Л.Уранжаргал, СХЗГ-ын Хэмжил Зүйн Хүрээлэнгийн газрын дарга Д.Дамбасүрэнгийн эхнэр А.Хонгор нар хоол хийж буй нь.

Зураг 3. Стандарт, Хэмжил Зүйн Газрын 00-91 УНА улсын дугаартай Тоёота Ланд Круйзер маркийн автомашин.

Албаны машин онхолдуулж, айлын хашаанд өвөлжив

У.Хүрэлсүх сайд 2017 онд СХЗГ-т тус газрын ХХШБ-ын шалгалт баталгаажуулалтын ажилд зориулж нэг машиныг гаргаж өгсөн байдаг. Сайдын өгсөн 5727 улсын дугаартай Прадо маркийн Хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалытн ажилд зориулсан автомашиныг СХЗГ-ын дарга нь албан томилолтоор явахдаа авч явж уг машин 2017-07-16-ны өдөр  Төв аймгийн Эрдэнэсант суманд онхолдсон. Гурван хүн гэмтсэн энэ хэрэгт тухайн үед жолооч Ц.Цогтбаатарыг буруутгасан юм.  Ингэхдээ Эрүүгийн хуулийн 27дугаар зүйлийн 27.10.1-д зааснаар  ял оноогоод тэнсэн харгалзсан байдаг. Харин  албаны машин онхолдуулсан этгээд машин засаагүй гэрийнхээ хашаанд  өвөлжүүлсэн юм. Үүнийг сэтгүүлч А.Баярмаа эрэн сурвалжилж, шүүхийн шийдвэрт тулгуурлан бичиж байхад цагдаад өгөх зэргээр мэргэжлийн үйл ажиллагаанд нь удаа дараа саад учруулжээ.

Өөрөөр хэлбэл А.Баярмаа сэтгүүлч таван цуврал нийтлэл бичснийхээ төлөө гурван удаа цагдаад дуудагдаж тухайн бүрт зөрчлийн хэрэг үүссэн байдаг.  Улмаар цагдаа ч, шүүх ч сэтгүүлчийг буруугүй  гэж үзсэн байдаг.

Сэтгүүлч эрэн сурвалжлаад ийм хэмжээний гэмт хэрэг, зөрчил гаргаж ирж байхад хэрэв хяналт шалгалтын байгууллага Стандарт хэмжил зүйн газрыг шударгаар шалгавал ямар их зөрчил гарч ирэх нь магадлал өндөр  байх боломжтой.

Энэ бүх булхайгаа Стандарт хэмжил зүйн газрынхан цагдаа, шүүхийн танхимд  тэнэг хүн хуурч байгаа мэтээр авцалдаагүй, худлаа тайлбарласаар өнөөдрийг хүрсэн. Олон худал хуурмагаа нуун далдлахын тулд www.Dorgio.mn  сайтын нэр төрд төлбөртэйгөөр халдаж байгаа ёс зүйгүй, танхай үйлдэлдээ хариуцлага хүлээгээгүй байна.

Мэргэжлийн байгууллага ийнхүү дотроосоо ялзарч байгаа нь Зам тээврийн хөгжлийн яамд гарсан  эмгэнэлт гэмт хэргийн түүхийг  нэг л өдөр давтахад ойрхон байна. У.Хүрэлсүхийн засгийн газар сахилга бат, хариуцлага ярьж л байгаа бол энэ олон алдаа дутагдал гаргасан, мөнгө идсэн, улсад учруулсан хохирол, хувьсгалын машиныг хувьдаа хэрэглэсэн Стандарт, Хэмжил Зүйн Газрын дарга, газрын дарга нар, ахлах мэргэжилтнүүдэд хариуцлага тооцохыг шаардаж байна.

Эх сурвалж: DORGIO.MN

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *