хайх үгээ бичих

Гэмт хэрэг

Сэжигтэн Б: Би охинтой хоёр гурав хоног хамт байхыг хүссэн

Түгээх

Энэ сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын гуравдугаар багийн нутгаас 5 настай Э-г Хан-уул дүүргийн иргэн 37 настай Б хулгайлсан тухай өмнь бид мэдээлсэн. Тэрбээр охиныг ямар зорилгоор авч явсан талаараа цагдаагийн алба хаагчдад ийнхүү мэдүүлжээ.

Сэжигтэн Б “Охины гэрийн гадаа бид хоёр жаахан юм ярьсан. Тэгээд охиныг зайрмаг идье гэхээр нь зайрмаг авч өгөх гээд эцсийн буудлын дэлгүүр орсон. Дэлгүүр тэнд байдаг гэж өөрөө хуруугаараа зааж өгсөн. Дэлгүүрээс нэг зайрмаг, нэг чихэр аваад гэр лүү нь явсан. Би энэ охинтой зүгээр л хоёр, гурав хоног хамт байхыг хүссэн. Тэгээд би найзуудтайгаа уулзсан. Дагуулж явах үед охин аав унтаж байгаа уурлахгүй, ээж “Хүдэр”-т байгаа гэртээ байхгүй гэж хэлсэн. Тэгж хэлэхээр нь дагуулаад автобусанд 10 мянган төгрөг төлж суугаад хот руу явсан. Охин ерөөсөө дургүйцээгүй надтай тоглоод, эрхлээд явж байсныг автобусны жолооч болон зорчигч ч харсан. Камерын бичлэг ч байгаа байх” хэмээн ярьжээ. Мөн тэрээр өөрийнхөө хийсэн үйлдлийг гэмт хэрэг гэж үзэхгүй байгаагаа илэрхийлсэн байна.

ЦЕГ-ын Хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүрийн мэдээлснээр, сэжигтэн Б-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13 дугаар бүлэг: “Хүний халдашгүй, чөлөөтэй байхын эрхийн эсрэг гэмт хэрэг”, 13 дугаар бүлгийн 13.2-т “Хүн хулгайлах”, 13.2.2.1 дэх хэсэг буюу хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж… гэсэн хоёр зүйл ангиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх юм байна. Энэ зүйл анги нь 1-5 жилийн хугацаагаар хорих хуулийн заалттай.

13.2 дугаар зүйл. Хүн хулгайлах

1. Хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хууран мэхэлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг ашиглаж эрхшээлдээ оруулан авч явсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2. Энэ гэмт хэргийг:

2.1. хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж;

2.2. хоёр, түүнээс олон хүнийг хулгайлж;

2.3. зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *