хайх үгээ бичих

Нийтлэл

Монгол туркийн харилцааг бусниулах хэнд ашигтай вэ

Түгээх

БНТУ-ын иргэнийг хулгайлсан тухай шуугиан амралт зугаалгын 7 дугаар сарыг донсолгосон билээ. Иргэдийн төдий л мэддэггүй байсан исламын шашинт турк багш нартай сургууль олны анхаарлын төвд оров. Энэ явдлаас өмнө ихэнх хүмүүс ийм сургууль байдаг эсэхийг ч мэддэггүй байсан биз. Харин одоо хууль ёсны засгийн газрынхаа эсрэг цэргийн эргэлт хийхэд хөрөнгө санхүүгээр тусалсан хүмүүс энэ сургуулийн нэрээр Монголд хорогдож байж болзошгүй байгаа аж. Тусалсан хөрөнгө нь монгол хүүхдүүдийн эцэг эхээс л гарсан байж таарна. Өнгөрсөн жил л гэхэд Турк сургууль 5 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан гэнэ.

Болсон үйл явдлыг нөгөө өнцгөөс нь авч үзвэл БНТУ Монгол Улсын харилцаа бүх түвшинд амжилттай хөгжиж байна. Энэ нь хоёр орны дээд удирдлага ойр ойрхон айлчилснаас харагдана. Харилцан визгүй зорчих болсноос хойш олон ч монголчууд Туркийг зорьж ажиллаж, амьдарч байна. Цаашилбал шууд нислэгийн тоог нэмэх, Монголд хөрөнгө оруулах гээд томоохон төслүүд яригдаж эхэлсэн. Туркийн хууль ёсны засгийн газартай ийнхүү харилцаа сайжрах нь хэнд чухам эрсдэлтэй байх талаар бодоод үзвэл нөгөө террорист ФЕТО бүлэглэлд л болов уу, лав Монголчуудад биш. Интернетээр судалбал ФЕТО нь зохион байгуулалттай, тусгай холбооны системтэй нууц байгууллага юм байна. Дэлхий даяар Туркчууд нөлөөллөө тэлэх зорилгоор байгуулсан ч одоогийн засгийн газрынхаа эсрэг АНУ-д орогносон Гулений удирдлагаар тэмцэж байгаа аж. Тэд цэргийн эргэлт хийхээр оролдож дүнд нь хэдэн мянган хүн амиа алджээ. Хулгайлагдсан В.Акчай Монгол дахь ФЕТО-гийн дээрээсээ хоёр дахь хүн гэнэ.

Монголд болсон хүн хулгайлах сценари нь шуугиан үүсгэх, улмаар хоёр орны харилцааг бусниулах зорилготой байсан юм биш биз. Хэрвээ тийм бол тэр хүмүүс зорилгодоо хүрчих шиг боллоо. Туркээс тусгай үүргийн онгоц байнга л ирдэг. Нэг ирсэн үеийг нь тааруулчихвал бүр ч үнэмшилтэй. Харин хулгайлагдсан хүн маань орой нь хаанаас ч юм инээгээд гараад ирсэн, би зүгээр та нар ФЕТО-гийн талд БНТУ-ын эсрэг байгаад баярлалаа гэх утгатай зүйл ярьжээ. Манай улсын тагнуул, цагдаагийнхны толгойд энэ талаар ороо ч үгүй биз. Магадгүй бид янз бүрийн таамаг дэвшүүлж нэг нэгнээ буруутгана. Гэтэл энэ үйл явдлын цаана юу байгаа гэдгийг таньж мэдэх чадалтай төрийн түшмэл байна уу. Улс шиг улс болж гадны нөлөөллийг эсэргүүцэх чадамж дархлаа бидэнд байна уу эсвэл хэн дуртай харь элэгтэн янз бүрийн акц хийж улсыг маань савлуулсаар байх нь зөв эсэхийг бодох нь зүйтэй.

 

 

 

 

 

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *