хайх үгээ бичих

Нийгэм Эрэн сурвалжлах

УБТЗ: Осол гарсан төмөр замыг засварлаж галт тэрэгний хөдөлгөөнийг нээлээ

Түгээх

Их хэмжээний үер усны улмаас Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөний замд Улаанбаатар-Сайншандын чиглэлийн 286-р суудлын галт тэрэг замаасаа гарч осолдсон хэрэг гарсан. Улмаар галт тэргийг босгож төмөр замыг сэргээн засах ажлыг хийж хохирлыг бүрэн арилгаснаар Улаанбаатар-Сайншандын чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөн өчигдөр орой буюу наймдугаар сарын 13-ны 22.18 цагт нээгдэж хэвийн үйл ажиллагаанд ороод байна.

Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас учирсан хохирлыг арилгаж зүтгүүр, вагон, төмөр замыг сэргээн босгохын төлөө төмөр замчид өдөр шөнөгүй нийт 40 шахам цагийн турш зогсолтгүй шаргуу ажилласны хүчинд ийнхүү урд чиглэлийн төмөр зам хэвийн ажиллагаанд орж орон нутгийн болон олон улсын, суудлын болон ачаа, транзит тээврийн галт тэрэгнүүд явж эхлээд байна.

Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрт наймдугаар сарын 12-ны өдрийн 01:35 цагаас эхлэн усархаг аадар бороо орсны улмаас үер бууж Улаанбаатар-Сайншанд чиглэлийн 747 дахь км (Цомог-Айраг өртөө хооронд)-т төмөр замын суурь бүтэц үерийн усанд автсаны улмаас 286 дугаартай галт тэрэгний хоёр зүтгүүр, зорчигчийн гурав, тээшийн нэг галт тэрэг осолдсоноос тухайн чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаагаад байсан юм. Осолдсон галт тэргэнд нийт 329 зорчигч явснаас 146 хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, гэмтэл бэртэл авсан 56 хүнээс хүнд гэмтэлтэй хоёр, хүндэвтэр гэмтэлтэй гурван хүнийг эмнэлгийн байгууллагад шилжүүлсэн юм. Гамшгийн хор уршгийг арилгаж, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд төмөр замчид, онцгой байдал, цэрэг болон эмнэлгийн албан хаагч нийт 480 хүн, 106 автомашин, техник хэрэгсэлтэй оролцон ажиллалаа. Мөн төмөр зам болон осолдсон зүтгүүр, вагоныг босгож сэргээх ажилд ОХУ-аас ирсэн сэргээн босголтын галт тэрэгний цуваа, аврах ангийн техник хэрэгсэл, хүнд машин механизмыг ашигласнаар төмөр замын холболтын ажил өчигдөр 16.00 цагийн байдлаар дуусч зүтгүүрийг өргөх ажиллагаа явагдсанаар төмөр замаа чөлөөлсөн байна.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *

Дараагийнх