хайх үгээ бичих

Нийтлэл

СЭЛЭНГЭ АЙМАГ: “Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжилд хоршоодын оролцоо” улсын зөвлөгөөн зохион байгууллаа

Түгээх

Энэ сарын 12-14-ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн ЗДТГ- аас “Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжилд хоршоодын оролцоо” сэдэвт улсын уулзалт зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнд 21 аймгийн Хөдөө аж ахуйн хоршоодын 200 гаруй төлөөлөгч салбарын  бодлого, зорилт, түүний хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг ХХААХҮЯ-ны тодорхой асуудал хариуцсан дарга, мэргэжилтнүүд танилцуулж, аймгууд хоорондоо тэргүүн туршлагаа солилцож, санал бодлоо хуваалцсан юм.

Мал аж ахуй, газар тариалан, хүнс, хөнгөн, жижиг, дунд үйлдвэр гэсэн харилцан уялдаатай, хамтын ажиллагаа шаардсан салбарын цогц үйл ажиллагаа нь хүн амыг эрүүл, аюулгүй баталгаатай хүнсээр хангах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортын орлогыг нэмэгдүүлэх, үйлчилгээний салбарыг шинэ шатанд гаргах, ажлын байр бий болгох, улмаар монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэж байна.

Монгол Улсын эдийн засгийн тулгуур болсон тус салбарын эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд 2018 онд мал аж ахуйн салбарын хоёр суурь хуулийн хэрэгжилтийг хангах таван хуулийн төсөл, Таримал ургамлын үр сортын тухай, Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Бэлчээрийн тухай, Мал аж ахуйн хөгжлийг дэмжих тухай гэсэн 10 хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаа аж.

Мөн Зохицуулах үйлчилгээтэй хүнсний тухай, Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх, зөвлөх үйлчилгээний тухай, Худалдааны тухай, Тариалангийн даатгалын тухай, Жижиг, дунд үйлдвэрийн тухай гэсэн таван хуулийн төслийг боловсруулж байгаа юм. Тус салбарт одоогоор “Малын эрүүл мэнд”, “Үйлдвэржилт 21:100”, “Ноолуур”, “Жимс жимсгэнэ”, “Хүнсний ногоо” зэрэг дунд хугацааны хөтөлбөр хэрэгжиж байна.

Орон нутгийн ядуурлыг бууруулах, бүс нутгийн хөгжил, цаашлаад уул уурхайн салбараас хараат бус эдийн засагтай болоход хөдөө аж ахуйн хоршоологчдыг дэмжих нь хамгийн чухал асуудал болоод байгаа учраас тэдний тогтвортой хөгжлийг хангаж төрд дуу хоолойгоо хүргэх, уялдаа холбоог нь сайжруулах хэрэгтэй гэдгийг зөвлөгөөнд оролцогчид онцолж байсан юм. 

Хоршоо нь бизнесийн нэг хэлбэр бөгөөд компаниас бага бүтэцтэй ч гишүүн нэг бүртээ хүртээмжтэй байдаг ба 2015 онд НҮБ-ын гишүүн 193 орны төрийн тэргүүн нар санал нэгтэйгээр 17 зорилго 169 зорилт бүхий тогтвортой хөгжил 2030 хөтөлбөрийг баталсан. Энэ хүрээнд манай улс 4 бүлэг, 44 зорилт бүхий тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаа баталж 2030 он гэхэд нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудыг тэргүүлэх эгнээнд хүрсэн тогтвортой өсч байгаа эдийн засгийн олон салбартай болохоор зорьж байна. Үүнд хоршоологчдын хувь нэмэр өндөр бөгөөд дээрх зөвлөгөөн ихээхэн ач холбогдолтой юм.

Сэлэнгэ аймгийн Хоршоодын холбооны тэргүүн З.Амарсайхан “Өнөөдрийн улсын зөвлөгөөний гол зорилго бол төрөөс явуулж байгаа бодлого шийдвэр, аймаг орон нутаг, хоршоологчдын  үйл ажиллагааг нэгтгэх, холбох юм. Өөрөөр хэлбэл, хоршоологчдод тулгамдаж буй асуудлыг аймаг орон нутгийн удирдлагууд төрийн бодлогоор дэмжих асуудлыг хэлэлцэж ирэх оны үйл ажиллагааны зураглалаа гаргахаар зорьж байна.

Манай аймгийн хувьд газар тариалан, өрхийн аж ахуйн хоршооллууд 3000 орчим бий. Эдгээрийг сум орон нутаг ялгалгүйгээр төрийн бодлогоор дэмжиж хоршоодыг илүү хүчирхэг болгохоор ажиллаж байна” гэлээ.

ЗУРАГ: Хүнс, хүнсний ногоо, хөнгөн үйлдвэрлэл, үндэсний үйлдвэрлэл цагаан идээний үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *