хайх үгээ бичих

Эрэн сурвалжлах

ГХЯ: Хүн хулгайлсан гэх хэрэг тодорхой болтол Туркийн ОНГОЦЫГ НИСГЭХГҮЙ

Түгээх

Монгол-Туркийн хамтарсан сургуулийн захирал БНТУ-ын иргэн Вейсел Акчайг үл таних хүмүүс хулгайлсан гэх мэдээлэлтэй холбогдуулан Гадаад харилцааны яам дотоодын холбогдох байгууллагуудаас тодруулахаар ажиллаж байна.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас өгсөн чиглэлийн дагуу Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг хөдөө орон нутагт ажиллаж буй БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язалтай утсаар ярьж, мөн ЭСЯ-ны Түр хамаарагчийг дуудаж уулзан БНТУ-ын иргэн Вейсел Акчайг хулгайлсан гэх асуудлыг тодруулахад:

Турк Улс нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хүндэтгэдэг бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль зөрчсөн аливаа үйл ажиллагаа, тэр дундаа хүн хулгайлах ажиллагаа огт явуулаагүй хэмээн нотлов. Мөн тэрбээр Турк Улсын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолу энэхүү асуудлаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай утсаар ярих хүсэлт тавиад байна” хэмээжээ.

Түүнчлэн “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд буугаад байгаа Турк Улсын тусгай үүргийн онгоцыг, дээрх асуудал тодорхой болтол нисгэхгүй байх чиглэлийг Гадаад харилцааны яамнаас холбогдох байгууллагуудад хүргүүлснээс гадна Гадаад харилцааны сайдаас өгсөн үүргийн дагуу дэд сайд Б.Батцэцэгээр ахлуулсан ажлын хэсгийг ГХЯ-нд байгуулаад байна.

Харин хулгайлагдсан гэх Вейсел Акчайн өмгөөлөгч Б.Баатарсайхан “Энэ онгоц ямар зорилгоор ирсэн, буцахдаа шатахуун нь дуусаад албан ёсоор орж ирж байгаа юм уу, энийг хууль хяналтын хариуцсан байгууллагууд нь тогтоож, ар гэрийнхий хардлагыг нэг мөр болгох үүрэгтэй гэж үзэж байна. Өмгөөлөгчийн хувьд хил хамгаалах байгууллагуудад болон Хууль зүйн яаманд гомдлоо гаргаад байгаа. Өнөөдөр үл мэдэдэгдэх шалтгаанаар Турк улсын иргэнийг хулгайлж буй явдлыг цагдаагийн байгууллага шалгаж, Прокурорын байгууллага хяналт тавиад явж байна. Онгоц ирээд буцаж нисэх гэж байгаа нь иргэн хүн төдийгүй, ар гэрийнхэнд нь хардлага төрүүлж байна. Иймд Монгол Улс ямар нэгэн байдлаар албан ёсны хариу өгөх ёстой.

Энэ хүн Турк Улсын иргэн Монгол Улсын хуульд заасан эрүүгийн гэмт хэрэгт огт шалгагдаж байгаагүй. Хуулийн дагуу Монгол Улсад оршин сууж байгаа иргэн. Бүхэл бүтэн тусгаар тогтносон Монгол Улсын хууль дүрмийг болон олон улсын гэрээ конвенци зөрчөөд хилээр нь хэн нэгнийг аваад гарна гэдэгт би хуульч хүний зүгээс итгэхгүй байна” гэлээ.

Б.ЦОГ

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *