хайх үгээ бичих

Онцлох мэдээ Эрэн сурвалжлах

Хулгайлагдсан гэх сургуулийн захирал “ЧИНГИС ХААН” онгоцны буудалд байгаа гэв

Түгээх

Өнөөдөр буюу 2018 оны 07-р сарын 27-ны өдөр 09:00 цагийн орчимд Монгол, Туркийн сургуулийн захирал Вейсел Акчайг гэрийнх нь гаднаас үл таних этгээдүүд хулгайлсан гэх мэдээлэл бий.

Энэ талаар “Эмпати” сургуулиудын захирал Б.Ганбат “Монгол, Туркийн хамтарсан сургуулийн захирал Вейсел Акчайг өнөөдөр гэрийнхээ гаднаас хулгайлагдсан байх магадлалтай байна. Түүнийг гэрээсээ гараад явж байхад старекс маркийн автомашинтай үл таних хүмүүс суулган авч явсан бөгөөд Турк улс руу хууль бусаар авч явах зорилготой ийм ажиллагаа явууллаа. Дээрх үйл ажиллагааг хэн ямар зорилготой явуулж байгааг зарим хүмүүс гадарлаж байгаа” гэсэн юм.

Улмаар хулгайлагдсан гэх Вейсел Акчайг Турк руу авч явахаар тус улсын элчин сайдын онгоц “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардаад байгаа ба тус онгоц 18:00 цагт буцаж нисэх хуваарьтай байгаа ажээ. Түүнчлэн тус онгоц нь буцахдаа хүн тээвэрлэх зөвшөөрөлгүй гэх мэдээлэл бий.

Иймд түүний ар гэрийнхэн ар гэрийнхэн нийслэлийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандаад байгаа ба цагдаагийн байгууллагаас нөхцөл шалтгааныг тодруулахаар шалгалтын ажиллагаа явуулж байна хэмээн мэдээллээ. Олон улсын эрхзүйн хэмжээнд, аль нэг улсын хүчний байгууллага гадаад улсын нутаг дэвсгэр дээр гүйцэтгэх ажиллагаа явуулах нь хууль бус бөгөөд  тухайн улсын зохих байгууллагад албан ёсоор хандаж, хамтран ажиллах үүрэг хүлээсэн байдаг аж. 

Эх сурвалжийн мэдээлж байгаараар, хулгайлагдсан гэх Вейсел Акчай нь “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд хүргэгдээд байгаа ба манай улсын хилийн тагнуулын албаныхан дээрх хэрэг дээр ажиллаж эхэлсэн аж.

Сонирхуулахад, одоогоос хоёр жилийн өмнө Турк улсад хууль бусаар төрийн эргэлт хийх оролдлого гарч тус улсын удирдлагууд төрийн эргэлт хийхийг санаархсан этгээдүүдэд бүх насаар нь хорих ял оноож байсан билээ. Түүнчлэн тус хуйвалдаанд оролцсон гэх үндэслэлээр олон тооны цэрэг армийн албан тушаалтан, нисгэгч, цагдаагийн ажилтан, төрийн албан хаагч, академичид, багш нарыг ажлаас нь чөлөөлсөн байдаг. Туркийн засгийн газраас энэхүү  үймээн самуунд, 1999 оноос хойш АНУ-д дүрвэн гарч амьдарч байгаа Туркийн шашны номлогч Фетхулла Гуленыг буруутгадаг бөгөөд түүнийг Туркэд шилжүүлж өгөхийг удаа дараа шаардсаар байгаа юм.

Ийнхүү Турк улсад эмх замбараагүй байдал үүссэнээс нэг жилийн дараа буюу 2017 онд Монгол улсад суух элчин сайдыг шинээр томилсон байдаг. Тодруулбал, Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар М.Ахмет Язалыг томилж байсан ба шинэ сайд томилогдсон ирснээс хойш Монгол, Туркийн сургуулийг хаана гэх мэдээлэл гарч байсан билээ.

Харин энэ талаар Элчин сайд М.Ахмет Язал “Та бүхэн Туркийн дотоод нөхцөл байдлын талаар эргэцүүлээд үзээрэй. Төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон оролдлоготой нүүр тулсан хүнд цаг үеийг бид тууллаа. Үүнтэй холбоотойгоор улс орны аюулгүй байдлын асуудлаа нэгдүгээрт тавьж байгаа. Мөн энэ оноос Монгол дахь Турк сургуулийн төгсөгчдийг тус улсад хувийн болон улсын зардлаар суралцахыг хориглохоор болсон юм. Гэхдээ 2017 оноос өмнөх төгсөгчдөд уг хориг хамаарахгүй” хэмээн мэдээлж байсан юм.

Б.ЦОГ

 

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *