хайх үгээ бичих

Ярилцлага

Хуульч Н.Ариунболд: Засгийн газар хууль үгүй орчинд ажиллахыг хүсч байна

Түгээх

Хуульч Н.Ариунболдтой ярилцлаа.

-Засгийн газарт холбогдох эрх зүйн маргааныг шүүх хянахгүй, Цэц хянах талаар хууль зүйн салбарын эрх бүхий албан тушаалтнууд мэдэгдэж байна?

-Юуны түрүүн шүүх эрх мэдэл нь хуулийг бус, харин хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалдаг, сэргээн тогтоодог төрийн эрх мэдлийн нэг институц гэдгийг онцолмоор байна. Харин Үндсэн хуулийн шүүх буюу Цэц нь Үндсэн хуулийг хамгаалах зорилго, чиг үүрэгтэй Үндсэн хуулийн хүрээнд байгуулагдсан, шүүх эрх мэдлийн гаднах институци юм. Тодруулбал захиргааны байгууллага, албан тушаалтан хууль зөрчсөн байлаа гэхэд таны эрх зөрчигдөөгүй л бол уг зөрчил шүүхэд хамааралгүй байдаг бол Үндсэн хуулиас бусад хууль зөрчигдсөн эсэх асуудал Цэцэд хамааралгүй байдаг билээ. Жишээ нь Засгийн газрын шийдвэр Иргэний хууль, Компаний тухай хууль зөрчсөн эсэхийг Цэц шийдэхгүй гэсэн үг л дээ. Тиймээс Засгийн газрын шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг Цэц, бусад хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын эрхийг сэргээн тогтоох тухай маргааныг шүүх харъяалан шийдвэрлэх нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмын асуудал. Хууль зүйн сайд, дэд сайд нар нь хуульч биш  учраас үүнийг мэддэггүй юм байлгүй дээ.

-Засгийн газарт холбогдох эрх зүйн маргааныг шүүхийн харъяаллаас гаргах санаачилга гаргаж байгаа талаар мэдээлэл цацагдаж байна. Энэ зөв санаачлага уу? 

-Засгийн газрын шийдвэрийг захиргааны үйл ажиллагаанд хамааруулахгүй байх хуулийн төслийг Хууль зүйн яам, цаашлаад Засгийн газар боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлж байгаа юм байна. Үүнийг Хууль зүйн яам, Засгийн газар эрх зүйт төрийн зарчмаас ухарч байгаа маш буруу үйлдэл гэж хуульчийн харж байна. Өөрөөр хэлбэл Засгийн газар хуульгүй орчинд ажиллахыг хүсч байгаа нь ноцтой үр дагаварыг үүсгэж мэднэ. Хүссэн шийдвэрээ гаргана гэсэн үг. Нөгөө талаас Засгийн газрын шийдвэрийг Цэц хянана гэж тайлбарлаж байгаа хэдий ч Засгийн газрын шийдвэр Иргэний хууль, Компаний тухай хууль зөрчсөн эсэхийг Цэц хянахгүй шүү дээ.

-Зарим эрх бүхий хүмүүс, Эрдэнэтийн 49 хувийн маргаантай холбогдуулан энэ асуудлыг зүтгүүлж байгаа тухай дурдаж байна?

-Хуулийн төслийн үзэл баримтлалтай танилцсан. Шууд энэ тухай дурдаагүй хэдий ч тойруу утгаар үүнийгээ илэрхийлсэн байна лээ. Засгийн газрын шийдвэрийг захиргааны хэргийн шүүх хүлээж аваад түдгэлзүүлээд байна гэж. Харин энэ нь миний хувьд эрх зүйт төрийн механизм ажиллаж байгаа нь энэ юм болов уу гэж бодож байна. Бусдын хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй бол шүүхэд мэтгэлцэх, шийдвэрээ хамгаалахаас юунд эмээнэ вэ? Бусдын өмчлөх эрхэд халдах буюу гэрээний буруу зөвийг тогтоох эрх мэдэл  зөвхөн Үндсэн хуулиар шүүхэд олгогдсон. Засгийн газар өмчлөх эрхээ хамгаалуулах, сэргээн тогтоолгохоор шүүх, арбитрт хандах ёстой атал Засгийн газар өөрөө шийдвэр гаргаад бусдын өмч болсон зүйлийг хураагаад авч болохгүй шүү дээ.  Ялангуяа Засгийн газар нь улсын бүртгэл хийдэг эрх мэдэлдээ дулдуйдан энэ үйлдлийг гаргасан нь эрх зүйт төрийн зарчимд нийцэхгүй л гэж үзэж байна.

-Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой маргааныг УИХ-ын шийдвэрийг биелүүлж байгаа тухай Засгийн газраас мэдээлж байсан?

-Та УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоолын тухай дурдаж байх шиг байна. Уг тогтоолд Эрдэнэтийн 49 хувийн хувьцааг “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-наас хурааж авах талаар дурдаагүй бөгөөд шилжүүлэн авах асуудлыг шийдвэрлэхийг Засгийн газарт даалгасан байдаг. Хэрэв хурааж ав гэсэн бол энэ нь Үндсэн хуулийн зөрчил болох байсан. Эрх зүйт төрийн зарчим буюу хууль дээдлэх, хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмын дагуу Засгийн газар УИХ-ын тогтоолыг буруу хэрэгжүүлж, энэ алдаагаа зөвтгөхийн тулд хууль өөрчлөх хүртлээ мэрийж байгаа нь “ичсэн хүн, хүн ална” гэдэг болж байна даа. Худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр, түүнийг шүүх, арбитр хүчингүй болгоогүй цагт тухайн компаний өмчлөх зайлшгүй хөндөгдөх, түүнийг хамгаалуулах гэх нь эрх зүйн наад захын хамгаалалт шүү дээ.  Магадгүй хуулийн төсөл нь батлагдвал уг маргаан захиргааны шүүхээс иргэний шүүх рүү шилжих байх.

 -Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн дагнасан шүүх хүлээн авч шийдвэрлэж байгаа нь Үндсэн хууль зөрчсөн талаар Цэцийн дүгнэлт гарсан байдаг гэж албаны хүмүүс мөн дурдаж байна?

-Тиймээ энэ талаар Цэцийн дүгнэлт байдаг. Уг дүгнэлтээс гарснаас хойш Захиргааны ерөнхий хууль хэрэгжиж эхлэх хүртэл Засгийн газарт холбогдох Үндсэн хуулийн эрх зүйгээс бусад салбар эрх зүйн хүрээнд үүссэн маргааныг ерөнхий харъяаллын дагуу Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх хүлээж авч, иргэний журмаар шийдвэрлэдэг байсан. Нэгэнт Үндсэн хуульд заасны дагуу захиргааны хэргийг дагнан шийдвэрлэх шүүх байгуулагдсан, бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа атал захиргааны эрх зүйн хүрээнд үүссэн маргааныг иргэний журмаар шүүх шийдвэрлэж байгааг Захиргааны ерөнхий хуулиар зөвтгөсөн гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хууль Үндсэн хуульд нийцэхгүй гэж үзэж байгаа бол УИХ Цэцэд хүсэлт гаргаж болно шүү дээ. Хууль тогтоох нь парламентийн онцгой бүрэн эрх хэдий ч олонхийн хүчээр асуудалд хандах гээд  нь яаж ч бодсон эрх зүйт төрийн баримтлах зарчим биш юм.

-Баярлалаа.

-Танд ч гэсэн баярлалаа.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *