хайх үгээ бичих

Нийтлэл

Засгийн газрын нууц хуралдааны протоколыг илчилсэн З.Баянсэлэнгийг яллах уу

Түгээх

УИХ-ын гишүүн асан, БХБ-ын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгийг АТГ-аас шалгаж хэрэг үүсгээд прокурорт шилжүүлээд байгаа.  Гэтэл бүтэн жил шалгаж данс, тооцоог нягтлахад мөнгө төгрөгтэй холбоотой нэг ч  асуудал гараагүй  аж.  Тэгвэл ямар учраас түүнийг яллах сонирхолтой байгаад байна вэ?

З.Баянсэлэнгэд хэрэг үүсгэх ямар үндэслэл байна вэ? Ер нь бол хамгийн анх   Хөгжлийн банкны хэрэгтэй  холбогдуулан  ТОСК-ийн захирал Гантулгыг шалгах нэрээр  тухайн үед БХБ-ын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгийг  ангуучлан салбарын сайд буруутай хэмээн  хийгээгүй хэрэгт  шалгаж эхэлсэн байдаг. Гэтэл Засгийн газрын шийдвэр нь хэн нэг сайдын дур зорго, сонирхлоор явдаггүй,  хамтын шийдлээр  хэд хэдэн удаагийн хуралдаанаар хэлэлцэж   батлагддаг. Түрээсийн орон сууц хөтөлбөрийг баталсан Засгийн газрын шийдвэрт тухайн үед БХБ-ын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэ буруутай юм бол алх цохисон  Ерөнхий сайд нь ч, гар өргөж баталсан бусад сайд нь ч буруутай болж таарна. Тэгэхээр Түрээсийн хөтөлбөрийг баталсан, батлуулсан  гэх нэг үндэслэлээр бүгдийг  нь шалгаж, хэрэг үүсгэх бол бүгдэд нь хэрэг үүсгэх  ёстой.

Тэгвэл шалгаж шийдвэрлэж буй процессыг  нь авч үзье. АТГ   Түрээсийн орон сууц хөтөлбөрийг баталсан, батлуулсан гэх нэг асуудлаар  шалгасан атлаа хоёр өөр хуулийн зүйлчлэлээр зүйлчилж,   З.Баянсэлэнгийг албан тушаалаа ашигласан хэмээн прокурорт шилжүүлсэн бол   Ерөнхий сайд  болон бусад сайдыг албан ажилдаа хайнга хандсанд тооцож,   түүнийгээ хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж шийдвэрлэжээ. Эндээс дахиад л асуулт гарна. Түрээсийн орон сууц хөтөлбөр батлагдсанд  алх цохисон нь буруутай юу, бүгдээрээ хэлэлцээд гар өргөж  алх цохиулсан танхимын гишүүд буруутай юу. Нэг нь буруутай бол нийтээрээ буруутай байж таарнаа даа. Танхимын зохион байгуулалтаар ажилладаг Засгийн газрын шийдвэрт нэг, хоёр сайдын буруу гэж байхгүй шүү дээ. Харин салбараа удирдлагаар хангаж чадаагүй гэх мэт бусад асуудал бол өөр хэрэг. Үүнээс үзэхэд анхнаасаа л зөвхөн   З.Баянсэлэнгийг л буруутгах зорилгоор шалгасан гэдэг нь ойлгогдоно.

З.Баянсэлэнгэ танхимдаа нөлөө бүхий сайд байсан уу?

Түрээсийн орон сууц хөтөлбөрийг баталсан асуудал Ерөнхий сайд, бусад сайдад хамааралгүй зөвхөн З.Баянсэлэнгэ л буруутай юм бол тэр танхимдаа  нөлөө бүхий сайд байсан уу гэдэг асуулт гарна.

Улс төрийн талаас авч үзвэл, тухайн үед АН эрх барьж байсан.  Ч.Сайханбилэгийн Засгийн газарт МАХН-ын гуравхан сайд байсан. Бусад 13 сайд нь АН-ынх.  Ийм байхад МАХН-ын ганц  сайд, УИХ дахь залуу гишүүдийн нэг, Засгийн газарт ч “шинэков” З.Баянсэлэнгийг нөлөө бүхий сайд байсан гэх боломжгүй. Албан тушаалаа ашигласан гэж үзэхэд ч учир дутагдалтай юм.

Учир нь албан тушаалын   хэргийг  мөнгө төгрөгтэй холбоотой, эсвэл албандаа хайхрамжгүй хандсан гэх хоёр л зүйлчлэлээр шийтгэл ногдуулдаг.  Гэтэл З.Баянсэлэнгийг бүтэн жил шалгаж данс, тооцоог нягтлахад мөнгө төгрөгтэй холбоотой нэг ч  асуудал гараагүй  аж.

Тэгвэл тухайн үеийн Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт нь Түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан байдаг. Мөн АН-ын мөрийн хөтөлбөрт Түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж оруулсан байдаг.  Харин  МАХН-ын  мөрийн хөтөлбөрт  түрээсийг тэглэх хэрэгтэй, ийм  бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй гэж  тусгасан байна.

Энэ асуудлын тайлбар  илэрхий болоод ирэхээр  “Түрээсийн орон сууцанд танай намынхан орсон” хэмээн дахиад л ял тулгадаг гэж байгаа.   Үндсэн хуулийн заалтаар Монгол Улсын иргэд яс үндэс,  үзэл бодол, шашин шүтлэгээр ялгаварлаж болохгүй гэж  заасан байтал Түрээсийн орон сууцанд МАХН-ын гишүүд орсон гэж яллах нь ардчилсан нийгэмд байж болох уу?

Түрээсийн орон сууцанд 1500 айлыг хамруулсан байдаг. Үүний хэд нь  МАН, хэд нь АН, хэд нь МАХН-ын гишүүн, хэд нь нам бус  байгааг  шалгасан уу?

Түрээсийн байр насаараа амьдрах сууц биш шүү дээ. Тэнд амьдарч буй айл өрхүүд тэнд түрээсээ төлөөд тавхан  жил л амьдарна. Тэр мөнгө З.Баянсэлэнгийн халаас руу орохгүй, ТОСК-аар дамжин улсын төсөвт төвлөрч, тэндээсээ  эдийн засгийн эргэлтэд ороод явж байгаа.

Энэ бүх асуудлын эцэст зөвхөн З.Баянсэлэнгэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, улсад 900 сая төгрөгийн хохирол учруулсан гэж зүйлчлэн прокурорт шилжүүлжээ. АТГ 900 сая төгрөгийг хаанаас гаргаж ирэв гэвэл Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд  Сангийн яамнаас тооцоог нь гаргаж,   баталсан  15 тэрбум төгрөгийн төсөвт   хувийн аудитын байгууллагаар  шалгалт хийлгэж, 900 сая төгрөгийн зөрүү гээчийг гаргажээ. Хувийн байгуулага нь АТГ-аас хамааралтай, тэдний ЗАХИАЛГААР ажил  үйлчилгээ авч явуулж буйг үзвэл өөрсдийнх нь хармааны байгууллага байх магадлалтай.  Учир нь орон сууцны үнэ тухайн сар, өдрийнхөө  ам.долларын ханш, эдийн засгийн байдал, хүмүүсийн худалдан авах чадвар гээд олон хүчин зүйлээс хамааран  хэлбэлзэж байдаг  атал     нэг талыг барьсан шийдвэр гаргасан байгаа юм.

Үнэхээр Түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжүүлснээс болж  улсад 900 сая төгрөгийн хохирол учирсан юм бол тооцоог гаргаж 15 тэрбумыг төсөвлөсөн  Сангийн яам, тухайн үед сайдаар ажиллаж байсан Болор л буруутай баймаар юм.  Гэтэл өнөөдөр Сангийн яам хохирогч хэмээн  900 сая төгрөг нэхэмжлээд явж байна.  АТГ ийнхүү эхнээсээ  шударга ёсыг баримтлах бус   улстөржсөн өнцгөөс  хандсанаас асуудал   Түрээсийн орон сууц хөтөлбөртөө ч биш гэдэг нь анзаарагдана. Тэгвэл өөр юу байж болох вэ.  З.Баянсэлэнгэ юу хийсэн бэ?

Эцэст нь ганцхан дүгнэлт үлдэж байгаа юм.  Тэр бол   2016 оны  УИХ-ын сонгуулийн санал авахаас нэг хоногийн өмнө   “Эрдэнэт”-ийн 49 хувийг “Монголын Зэс” корпорац буюу 20 гаруйхан  настай залуугийн нэр дээр шилжүүлсэн Засгийн газрын нууц хуралдааны протоколыг тухайн үед БХБ-ын сайдаар ажиллаж байсан УИХ, Засгийн газрын гишүүн  З.Баянсэлэнгэ, Шадар сайдаар ажиллаж байсан Ц.Оюунбаатарын олон нийтэд  илчилсэн явдал.

Тэгэхээр  БХБ-ын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэ  Түрээсийн орон сууц хөтөлбөрийг батлуулж, улсад 900 сая төгрөгийн хохирол  учруулсан гэх энэ хэрэг  “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой Засгийн газрын нууц хуралдааны протоколыг олон  нийтэд гаргаж тавьсантай холбоотой   улс төрийн өш хонзонгоо авахаар холоос  шидсэн чулуу ажээ. З.Баянсэлэнгэ ард түмнийг төлөөлж төрд сууж буй түшээ, төрийн сайдын хувьд үнэнийг  илчилсэн. Учир иймээс  түүнийг ангуучлах, “намнах” төлөвлөгөө улс төр, бизнесийн бүлэглэлийн зүгээс гарч тэдний гар хөл болсон  АТГ, хууль хяналтынхны гараар дамжин хэрэгжиж эхэлжээ.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *