хайх үгээ бичих

Гэмт хэрэг

Мөрийтэй тоглоомчдыг дээрэмдсэн этгээдэд ТЭНСЭН харгалзах ял оноолоо

Түгээх

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2016 оны 10-р сард Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элит” хотхонд байр түрээсэлдэг залуу хэдэн хүний хамт мөрийтэй тоглож байхад нь гаднаас АКМ маркийн буу, хутгаар зэвсэглэсэн, зургаан хүн дайран орж ирж дээрэмдсэн гэх хэрэг гарсан билээ.

Зэвсэглэсэн этгээдүүд тус байранд буун дуу гаргаж, эмх замбараагүй байдал үүсгэснээр оршин суугчид цагдаагийн байгууллагад энэ хэргийн талаар мэдээлсэн байдаг. Үүний улмаас мөрийтэй тоглож байсан хүмүүсийн хоёр нь хүнд, найм нь хөнгөн гэмтэл авч, мөрийнд тавьж байсан 45 сая төгрөг, 2000 ам.доллар, 1.2 кг алт нь алга болсон байдаг. Цагдаагийнхан шуурхай эрэн сурвалжилсны дүнд уг хэргийн гол холбогдогч болох “Шош” хочит Н.Ариунгэрэлийг III хороололд нэгэн байранд бүгж байхад нь 06:00 цагийн үед, “Ландага” хочит Ё.Батцэнгэлийг 08:00 цагийн үед баривчилсан байдаг.

Дээрх хэргийн мөрдөн байцаалт хоёр жилийн турш  үргэлжилсэн ба өнгөрөгч сард прокурорын газраас хэргийн сэжигтнүүдийг яллах саналтайгаар хавтаст хэргийг шүүхэд хүргүүлжээ.

Улмаар  Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  дээрх хэргийг хэлэлцэж, сэжигтэн Н.Ариунгэрэлд 8 жил, Л.Алтанхуяг, С.Галбадрах нарт 6 жил, М.Амартүвшинд 7 жил, Н.Билэгжаргалд 11 жилийн хорих ял тус тус оноосон бол уг хэргийг зохион байгуулсан гэх Ё.Батцэнгэлд 5 жилийн хорих ял оноож тэнсэн харгалзах ялаар шийтгэжээ. Ялтнуудыг шунахайн сэдлээр бусдын эд хөрөнгийг зэвсэглэн дээрэмдсэн гэх гэм буруутайд тооцсон байна.

Б.ЦОГ

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *