хайх үгээ бичих

Онцлох мэдээ Эрэн сурвалжлах

“МИАТ”-ийн удирдлагуудын ХУУЛЬ БУС үйлдлийг АУДИТ тогтоожээ

Түгээх

ZOX.MN – Төрийн өмчит МИАТ хувьцаат компанийн 2016-2017 оны үйл ажиллагаанд оруулсан аудитын албан ёсны дүгнэлт гарчээ.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2017 оны 12-р сарын 20-ны өдрийн тогтоолын дагуу, компанийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн удирдан, зохион байгуулсан эсэх, компанийн хөрөнгө нөөцийг үр ашигтай удирдаж байгаа эсэх, компанийн үйл ажиллагаанд тавих хяналтын тогтолцоо үр нөлөөтэй байгаа эсэх гэсэн чиглэлд “МИАТ” ТӨХК-ийн 2016-2017 оны санхүүгийн болон бусад баримт материалыг хамруулан шалгасан байна.

Аудитын шалгалтын дүгнэлтээр, компанийн удирдлагууд холбогдох хууль тогтоомж  зөрчсөн, батлагдсан орон тоог хэтрүүлэн ажилласан, компанийн санхүүгийн зарцуулалтыг хяналтгүйгээр баталсан, хууль бус тендер олгосон, тийзийн хөнгөлөлтийн журмыг зөрчсөн зэрэг олон ноцтой зөрчил илэрсэн байна. Улмаар компанийн санхүүд дарамт учруулж, алдагдал хүлээх шалтгаан болжээ.

Түүнчлэн боловсон хүчний халаа сэлгээ ихтэй байгаа нь компанийн тогтвортой үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа ба өнөөдөр ажиллаж буй ажилчдын дийлэнхи хувь нь ажил мэргэжилдээ тэнцэхүйц ур чадвартай бус гэжээ.

Тодруулбал, тус компани сонгон шалгаруулалтын зарчмаар агаарын тээврийн салбарын өндөр ур чадвартай, нарийн мэргэшсэн ажилтнуудаар хүний нөөцөө бүрдүүлэх, ажилтан бүрийн мэргэжил, ажлын бүтээмж, хариуцлага, ур чадварыг харгалзан чадварлаг баг бүрдүүлснээр хөдөлмөрийн бүтээмжийг тодорхой хувиар нэмэгдүүлж цалин хөлс урамшууллын илүү үр өгөөж бүхий тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай хэмээн уг тайланд дурьджээ. ТӨБЗГ болон ТУЗ-өөс компанийн эдийн засгийн үзүүлэлт, нислэг үйлдвэрлэлийн хэмжээтэй уялдсан бодит орон тоог батлан өгдөггүйгээс орон тоо жил бүр  нэмэгдэн боловсон хүчний бодлого алдагдаж, халаа сэлгээ үргэлжлэх нөхцөл байдал үүсч байгаа бөгөөд удирдах болон бусад ажилтнуудыг дотроос бус гаднаас шууд томилдог нь дээрх алдаа зөрчил гарахад нөлөөлсөн аж.

Аудитын хяналт шалгалтын дүгнэлтээс энд онцлоход, “МИАТ” ТӨХК нь тийзийн хөнгөлөлт үзүүлэх журмыг зөрчиж, төрийн өндөр дээд албан тушаалтнууд тийзийн үнийг төлөлгүйгээр зөвхөн такс төлөн үйлчлүүлсээр иржээ. Өөрөөр хэлбэл, нэр бүхий албан тушаалтнууд 2 сая төгрөгийн төлбөртэй нислэгийн үнийг төлөлгүйгээр, таксны 200 мянган төгрөгийг төлөн зорчсоор ирсэн аж.

Энэ нь нислэг хоорондоос олох ашигт жил бүр дарамт үүсгэж байгаа хэдий ч хууль бус үйлдлээ хаа хаанаа зогсоогүй  байна. Энэ асуудлаар өмнө нь Сангийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Төрийн өмчийн хорооноос удаа дараа шалгалт хийгдэж байсан боловч үр дүн хангалтгүй, зөрчил дутагдал жил бүр дахин давтан гарсаар байгаа аж.

“МИАТ” ТӨХК-ийн удирдах дээд байгууллага нь хувь нийлүүлэгчдийн хурал бөгөөд хувь эзэмшигч нь Монгол Улсын Засгийн газар юм. Харин 2011 оноос хойш алдагдалтай ажиллаж ирсэн гэх шалтгаанаар тус компанийг хувьчлах тухай асуудал хөндөгдөж ирсэн. Улмаар өнгөрөгч 5-р сарын 18-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар МИАТ-ын 49 хувийг хувьчлах шийдвэр гаргаж УИХ-аар уг асуудлыг хэлэлцүүлэн эцэслэхээр болоод байгаа юм. Харин алдагдалтай ажиллаж ирсэн шалтгааныг холбогдох байгууллагууд хяналт шалгалтаар тогтоож, МИАТ-ын удирдлагуудад зөвлөмж өгч ирсэн боловч түүнийг хэрэгжүүлэлгүй өнөөдрийг хүрсэн нь тус компанийг хувьчлах зорилготой “бүлэг” хүмүүсийн эрх ашигтай холбоотой гэх хардлага олон нийтийн дунд бий. Тиймээс ZOX.MN сайт дээрх мэдээллийн мөрөөр эргэн сурвалжилж, мэдээллээ үргэлжлүүлэн хүргэх болно.

Б.ЦОГ

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *