хайх үгээ бичих

Улс төр

Д.Муратын ЭЭЛЖ хэзээ вэ?

Түгээх

УИХ-ын гишүүн Д.Гантулгыг өнөөдөр УИХ өөрийнх нь хүсэлтээр гишүүнээс чөлөөлсөн. Тэгвэл түүнтэй адил “хэрэгт”-т холбогдоод байгаа Д.Мурат гишүүн хэрхэн вэ гэдэг хүлээлт үүсээд байна.

Баян-Өлгий аймгаас УИХ-д сонгогдсон Дакейн Мурат нь өөрийн аймгийн төрийн албанд ажилдаг нэгэн Б.Бахытгүл гэх эмэгтэйд бэлгийн дарамт учруулсан талаар хохирогч бүсгүй өөрөө олон нийтэд өөрөө мэдээлж, цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Б.Бахытгүл Д.Мурат гишүүн цахим сүлжээгээр өөрийн бэлэг эрхтэнийхээ зургийг явуулж, дотно харилцаанд орох санал хүртэл тавьсан бөгөөд уг саналыг нь хүлээн аваагүй учир хотод ажлаар ирэхэд нь дуудаж уулзаад утсыг нь булаан авч зодсон хэмээсэн юм. Харин Д.Мурат гишүүн “эвлүүлэг, гүтгэлэг” хэмээн тайлбарлаж, өөрийг нь гүжирдэж байгаа хэмээн тайлбарласан.

Тэгвэл хуулийн байгууллагаас Д.Мурат гишүүнд хүний биед хөнгөн гэмтэл учруулсан хэргээр Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийг үндэслэн, прокурор шалгаж байгаа бөгөөд Хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн байж болох нөхцөл байдал нь тогтоогдож, яллагдагчаар татаад байгаа. Улмаар Д.Муратын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгаж, гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх тухай Прокурорын байгууллагын саналыг УИХ-д хүргүүлсэн билээ. Гэвч УИХ уг саналыг хүлээж авахгүйгээр шийдвэрлэж, араас нь Ерөнхийлөгч УИХ-ын уг шийдвэрт хориг тавиад байна.

Ерөнхийлөгч хориг тавьсан шалтгаандаа “Прокурорын саналыг УИХ хүлээж аваагүй нь шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлж эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах эрхэм зорилго тээсэн Монголын ард түмний хүсэл зоригт нийцээгүй, төрийн эрх барих дээд байгууллагын нэр хүнд, үнэлэмжийг улам бүр үгүй хийсэн, иргэдээ үл тоон басамжилсан, хүлээн зөвшөөрөх боломжгүй шийдвэр болсон байна” хэмээсэн.

Үүнтэй зэрэгцэн олон сар хэвлэлээс “зугтсан” Д.Мурат гишүүн Төрийн ордонд гэнэтхэн хэвлэлийн бага хурал зарлав. УИХ-ын гишүүн Д.Гантулга гэм буруутай эсэхээ тогтоолгохоор гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгсний дараа хэвлэлийн бага хурал зарлахад “чөлөөлөгдөх хүсэлтээ өгөх нь” гэсэн хүлээлт үүссэн. Гэвч тэрбээр  “Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг би дэмжиж байгаа. УИХ-ын гишүүн байна уу, жирийн иргэн байна уу бүгд хуулийн өмнө тэгш эрхтэй. Би шалгуулахад ч бэлэн байгаа. Удахгүй шалгуулаад буцаж орж ирнэ гэж бодож байгаа. Угаасаа надтай холбогдоод байгаа энэ хэрэг нь зохиомол. Би огт гэмт хэрэг хийгээгүй. Шалгуулахад бэлэн байна” хэмээсэн тайлбар тавьсан юм.

Түүнтэй хамт мэдээлэл хийсэн Хуульч Л.Батмөнх “Гишүүнтэй холбогдох тус хэрэг олон нийтийн сүлжээгээр бичигдээд байгаа шиг бэлгийн дарамт учруулсан асуудал биш. Прокурорт шалгагдаж байгаа хэрэг нь  бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэдэг эрүүгийн зүйл ангиар шалгагдаж байгаа хэрэг. Энэ төрлийн хэрэг амьдралд хэдэн зуун мянгаараа гардаг” хэмээсэн нь олны дургүйцлийг төрүүлээд байна.

Бэлгийн дарамт учруулсан, эсвэл хүний биед хөнгөн гэмтэл учруулсан аль нь ч бай хуулийн байгууллагад шалгуулж тогтоолгох учиртай. Гэтэл УИХ-ын гишүүний бүрэн эрхийн цаана “хаацайлагдаж” хэрэг шалгах хуулийн байгууллагын ажиллагаанд саад учруулж байгаа нь хачирхалтай. 

Гэм буруугүй нь үнэн бол Д.Гантулга гишүүнтэй адил сандал суудалтайгаа зууралдалгүй чөлөөлөгдөж, хуулийн байгууллагад шалгагдахад харин ч “үнэмшилтэй” санагдмаар.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *