хайх үгээ бичих

Эдийн засаг

Төлбөрийн КАРТ-аа уншуулаад EBARIMT давхар бүртгүүлдэг боллоо

Түгээх

Ebarimt системийн хувилбар хоёр хэрэглээнд нэвтэрч байгаа талаар Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв улсын үйлдвэрийн газрын Технологи хариуцсан захирал Б.Биндэръяатай ярилцлаа.

– Ebarimt системийн хувилбар хоёр хэрэглээнд нэвтэрсэн байна. Хэрэглэгчдэд ямар ямар шинэ боломжууд нээгдсэн бэ?

– Шинэ хувилбарын онцлох зүйл бол хялбар бүртгэл буюу баримт автоматаар системд бүртгэгдэх шийдэл юм. Хуучин бол 131313 тусгай дугаарт гар утаснаасаа мессеж бичих, вэб сайт болон Ebarimt аппликейшн ашиглаж гэсэн гурван аргаар баримтаа бүртгүүлдэг байсан. Харин одоо баримтыг автомаар бүртгэх шийдлийг боловсруулан нэтрүүлээд явж байна. Энэ ажил маань өнгөрсөн жилийн өдийд эхэлж байлаа. Эхний ээлжинд банкуудтай хамтарч ажиллан, бэлэн бусаар /картаараа/ төлбөр хийсэн тохиолдолд баримт автоматаар бүртгэгдэх шийдлийг боловсруулсан. Уг шийдлийг маань банкууд нэлээд нааштайгаар хүлээж авсан.

Хэрэглэгчийн хувьд бэлэн бусаар тооцоо хиймэгц тухайн картыг эзэмшигч нь Ebarimt системд бүртгэлтэй бол баримт автоматаар бүртгэгдээд, давхар и-мэйл хаягаар баримт нь очно. Мөн цаасан баримтаа авах эсэхээ өөрөө шийдэх эрхтэй.

И-мэйлээр ирсэн баримтаа бүртгэгдсэн баримтуудтайгаа тулгаад таны баримт бүртгэгдсэн эсэхийг шалгах боломжтой.

– Ebarimt системд бүртгэлтэй дансны картаараа худалдан авалт хийсэн тохиолдолд л автоматаар бүртгэгдэх үү, Олон карт хэрэглэдэг хүмүүс бүх дансаа системд давхар бүртгүүлэх боломжтой юу?

-Хэрэглэгч Ebarimt систем дэх аккаунтаа хэдэн ч картын данстайгаа холбох боломжтой. Эхний удаад тус картаа аккаунттайгаа холбох үйл ажиллагааг явуулна. Холбохдоо системд бүртгэлтэй гар утасны дугаар эсвэл системд нэвтрэх аккаунт/11******/-аа ашиглана. Ингээд дараагийн удаагийн худалдан авалтаас хойш баримт тань автоматаар бүртгэгдээд явна.

-EBARIMT СИСТЕМ ДЭХ АККАУНТАА ХЭДЭН Ч КАРТТАЙ ХОЛБОХ БОЛОМЖТОЙ-

Мөн хэрэглэгч зарим худалдан авалтаа бүртгүүлэх хүсэлгүй байгаа бол тухайн үедээ худалдагчид хэлээд автоматаар бүртгүүлэх горимыг алгасаж болно. Худалдагч тухай бүрт нь автоматаар бүртгүүлэх үү, баримтаа цаасаар авах уу, и-мэйлээр авах уу гээд асуугаад явах юм.

– Хүмүүс  түрийвч, цүнх дүүрэн баримт болчихлоо гээд байдаг. Ер нь хэрэглэгчдэд амар, байгальд ч ээлтэй шийдэл болжээ.

– Тэгэлгүй яах вэ. Иргэд бэлэн төлбөр төлөхөд банкнаас хоёр ширхэг баримт, үүн дээрээ Ebarimt-аа авахаар нэг удаад л гурван ширхэг цаас гарч эцсийн дүндээ хог л болдог. Тэгэхээр байгальд орчинд ээлтэй шийдэл гэж тодорхойлж болно.

– Хэрэглэгч өөрийн эзэмшиж буй банкны картаа тухайн банкныхаа POS машинд уншуулах ёстой юу, өөр банкны POS машинд карт уншуулсан тохиолдолд мөн автоматаар бүртгүүлэх боломжтой юу?

– Картын хувьд аль ч банкных боломжтой бөгөөд POS машины хувьд зөвхөн манай системтэй холбогдсон терминалд картаа уншуулж автоматаар бүртгүүлэх боломжтой.

Одоогийн байдлаар ХХБ, Хаан банк, Голомт банк хөгжүүлэлтээ хийгээд дууссан. Нэвтрээд явж байна. Төрийн банк, Хас банк, Капитал банк, Ариг банк, Чингис хаан банкнуудын шинээр нэвтэрч байгаа POS машин дээр автоматаар бүртгүүлэх үйлчилгээ нэвтрээд явна.

– Ebarimt систем нэвтрээд хоёр жил гаруй болж байна. Энэ хугацаанд хэрэглэгчдийн тоо хэрхэн өссөн бэ, дээр дурдсан гурван аргын алийг нь түгээмэл ашиглаж баримтаа бүргүүлж байна вэ?

– Манай систем 1,200,000 мянган хэрэглэгчтэй. Үүнээс байнгын идэвхтэй баримтаа бүртгүүлдэг  700,000 орчим хэрэглэгч байдаг. Эдгээр хэрэглэгчдийн маань 500,000 орчим нь гар утасны аппликейшн ашиглаж баримтаа бүртгүүлдэг.

Хэдийгээр гар утасны аппликейшн хэрэглээ өндөртэй байдаг ч QR код уншигдахгүй байх нь элбэг. Уг нь манайхаас цаасны баримтын стандартыг тогтоож өгдөг ч зарим ААН-үүд стандартаа дагаж мөрдөхгүй хэтэрхий бүдэг, QR код нь дутуу гарсан баримт хэвлэх тохиолдол байгаа.

– Ebarimt системийн хувилбар хоёрт өөр шинэлэг, давуу талууд юу байгаа вэ?

– Зөвхөн хялбар бүртгэлээс гадна системийн нууцлал, аюулгүй байдал тал дээр нэлээд сайжруулалтуудыг хийж байгаа. Ebarimt-г зөвхөн баримт бүртгүүлдэг аппликейшн биш хэрэглэгчийн санхүүгийн хөтөч болгох зорилготой. Энэ зорилгын хүрээнд хэрэглээгээ хянах, мөнгөө юунд зарцуулж байгаагаа мэдэж байх чиглэл рүү улам боловсронгуй болгохоор ажиллаж байна.

Одоогоор хэрэглэгч худалдан авалтаа ангилж, юунд нийт зардлынхаа хэдэн хувийг зарцуулж байгаагаа хянах, анализ хийх боломж бүрдчихсэн байгаа.

– Өмнө нь хэрэглэгч баримтуудаа өөрөө хүнс, тээврийн хэрэгсэл, харилцаа холбоо гэх мэтээр ангилдаг байсан. Одоо систем түүнийг нь ангилж өгнө гэсэн үг үү?

– Ангилах явц хоёр талтай. Систем бол тухайн ААН-ийн ажил эрхлэх чиглэлийг харгалзан ангилах боломжтой. Гэхдээ зарим ААН, ялангуяа дэлгүүрүүд олон төрлийн бараа зардаг, зарим компани олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг зэргээс хамаараад автоматаар ангилах боломжгүй байдаг. Тийм тохиолдолд хэрэглэгч өөрөө ангилах шаардлагатай.

– Хялбар бүртгэл буюу автоматаар бүртгэх шийдлийг картаар төлбөр хийхээс өөр тохиолдолд ашиглах боломж байгаа юу?

– Бидний зүгээс хялбар бүртгэлийг бэлэн бусаар тооцоо хийх хэлбэрээс бусад юун дээр нэвтрүүлж болох талаар судалгаа байнга хийж байна. Нэлээд түгээмэл хэрэглээнд тулгуурлавал үр дүнтэй учраас эхний ээлжинд гар утасны оператор компаниудтай хамтран ажиллахаар болоод байна.

Одоогийн байдлаар Мобиком компани баримт автоматаар бүртгэгдэх шийдлийг нэвтрүүлээд байна. Юнител компани систем хөгжүүлэлтийн ажлаа хийж байгаа. Жи-Мобайл, Скайтель компаниудтай уулзалт хэлэлцээрийн шатанд ажил өрнөж байна.

2016 онд манай системээс нийт 200 сая баримт хэвлэгдсний 6 сая орчмыг нь зөвхөн Мобиком компани хэвлэсэн байсан.

Гар утасны төлбөрөө төлөх, нэгж худалдан авахдаа банкны мобайл аппликейшн ашигласан тохиолдолд баримт авах түвэгтэй байдаг. Ихэнх тохиолдолд салбар дээрээс очиж баримтаа авах болдог учраас иргэд төдийлөн баримтаа аваад байдаггүй. Тиймээс төлбөр төлөх, нэгжээр цэнэглэх, дата авах, бусад үйлчилгээний төлбөр төлөхөд оператор компанийн систем тухайн үйлдлийг автоматаар бүртгээд, манай систем рүү холбогдож, баримт олгоод шууд хэрэглэгчийн аккаунт дээр бүртгэнэ гэсэн үг.

Ингэхийн тулд түрүүн банкны картаа Ebarimt системд нэвтрэх аккаунт /11******/-тайгаа холбон ашиглаж байсан бол одоо гар утасны дугаараа нэвтрэх аккаунт /11******/-тайгаа холбох шаардлагатай. Мэдээж хэрэг эхний удаад л бүртгүүлнэ. Хэрхэн бүртгүүлэх заавар нь оператор компаниудын вэб сайт, олон нийтийн сүлжээгээр яваад эхэлсэн байгаа. 

Бидний зүгээс өөр олон нийтийг хамарсан бүтээгдэхүүн, үйлчилгээнд хялбар бүртгэлийг нэвтрүүлэх талаар ажиллаж байна.

– Систем хөгжүүлэлтийн ажлууд амжилттай хэрэгжиж байгаа юм байна. Ер нь хэрэглэгчийн тоо хэр их өсч байгаа вэ?

– Системийн хэрэглэгчийн тоо тасралтгүй өсч байгаа. Одоо нэвтрүүлж буй шийдлүүд ороод ирэхээр хэвлэгдсэн баримт бүр автоматаар бүртгэгдэж, баталгаажсан баримтын тоо өснө. Сугалаанд хожих магадлал ч нэмэгдэнэ. Хэрэглэгчдийн хувьд сугалаа болохоос өмнө бүргүүлж амжихгүй хоцрох тохиолдол байдаг. Тэр асуудал шийдэгдэж байна гэсэн үг.

– Улс даяар хэчнээн худалдаа үйлчилгээний байгууллага ebarimt хэвлэж байгаа вэ, Тавдугаар сарын сугалааны тохирлоор 50 сая төгрөг хожсон азтан “Манай сумын бүх дэлгүүр баримт өгдөг” гэж байсан?

– Тавдугаар сарын сугалааны азтан маань орон нутгаас, тэр дундаа улсын хил дагуу Сүхбаатар аймгийн Наран сумаас тодорсон байгаа. Наран сумын бүх дэлгүүр ebarimt-аа өгөөд хэвшчихсэн. Ер нь Наран сум төдийгүй аймгийн хэмжээнд нэхүүлэлхгүйгээр баримтаа өгдөг гэж байсан. Энэ нь орон нутагт тэр дундаа Сүхбаатар аймагт хууль сайн хэрэгжиж байгааг харуулж байна.

Тогны хязгаарлалт байнга шахуу хийгддэг, 2,000 хүрэхгүй хүн амтай хил дагуух сумын бүх дэлгүүр баримт хэвлээд тэндээс нь азтан тодорч байна гэхээр Улаанбаатарт байгаа зарим дэлгүүр яагаад баримт хэвлэхгүй байгаа юм бэ гэсэн бодол шууд төрсөн. Бидний зүгээс олон сайхан шийдлийг боловсруулсан хэдий ч ААН-үүдийн маань сэтгэл дутаад байвал ажил маань тодорхой үр дүнд хүрч чадахгүй. Тиймээс ард иргэд маань хуулиа биелүүлж, баримт хэвлэж байгаа дэлгүүрээс худалдан авалт хийж, эсвэл баримтаа өгөхийг шаардах хэрэгтэй байна.

Бид он гарснаас хойш баримт хэвлэх ажлыг нэлээд эрчимжүүлж зах худалдааны төвүүдийг оруулах ажил үргэлжилж байна. Хамгийн том худалдааны төв болох Нарантуул захын өргөтгөл болон Баялаг-Ундраа төв баримт хэвлээд эхэлсэн. Задгай захын хувьд төлөвлөгөөтэй хэсэгчилсэн байдлаар оруулахаар шийдэл яригдаад явж байна.

– Зах худалдааны төвд наймаа хийдэг иргэд баримтаа ямар шийдлийг түгээмэл ашиглан хэвлэж өгч байгаа вэ?

– Хэрэглэгчийн систем нийлүүлэгч байгууллагууд янз бүрийн шийдэлтэй төрөл бүрийн аргыг санал болгож байгаа. Ер нь хамгийн боломжит хувилбар бол бэлэн бусаар/картаар/ төлбөр хийхэд автоматаар баримт бүртгэгдэх шийдэл гэж бид харж байна. Яг ийм шийдлийг Меркури зах дээр хэрэгжүүлж эхэлсэн.

Голомт банк Меркури захын бүх худалдаа эрхлэгчтэй гэрээ хийгээд POS машин тараагаад өгчихсөн. Иргэд бэлэн бусаар тооцоо хийхэд баримт нь атоматаар өөрийнх нь аккаунт дээр бүртгэгдээд эхэлсэн байгаа.

Ингэснээр жирийн иргэд төдийгүй худалдаа эрхлэгчдэд давуу тал бий болж байгаа. Худалдаа эрхлэгчдийн бүх гүйлгээ банканд бүртгэлтэй учраас хар дэвтэр хөтлөхгүйгээр орлого зарлагаа банканд мэдэгдэж, бизнесээ өргөжүүлэх зээл авах тал дээр хялбар болно.

Мөн гар утасны аппликейшныг түгээмэл ашиглаж байна. Худалдаа эрхлэгчид хэд хэдээрээ дундаа нэг блүтүт принтер ашиглаад гар утаснаасаа бараа бүтээгдэхүүний нэр, үнийг өөрөө оруулаад баримтаа хэвлээд өгчихөж байгаа. Дундын киоск ашиглаад явж байгаа хүмүүс ч байна.

– Аж ахуйн нэгж талдаа хэрэглээг нь хялбарчилсан шинэ шийдлүүд нэвтрүүлж байгаа юу?

– ААН, байгууллага талдаа бас нэлээд том өөрчлөлтүүдийг хийсэн. Нягтлангуудын зүгээс “систем хурдан болсон байна, хялбар болж” гэх талархлуудыг хэлж байгаа.

Системийг хэвийн найдвартай ажиллуулах, гацахгүй, хурдан байлгах технологи талын сайжруулалтын ажлууд тогтмол хийгдэж байна.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *