хайх үгээ бичих

Онцлох мэдээ Эрэн сурвалжлах

Паркийн тоглоом эвдэрсэн хэрэгт АЮУЛГҮЙН АЖИЛТАН хариуцлага хүлээнэ гэв

Түгээх

Өчигдөр буюу 6-р сарын 13-ны өдөр Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн паркийн “Сансрын хөлөг” гэх тоглоом эвдэрч үйлчлүүлж байсан хүүхдүүд гэмтсэн харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, 8 минутын турш 180 хэм бүтэн эргэлддэг дээрх тоглоом нь голоороо хугарч улмаар нь дотор нь байсан хүүхдүүд гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн юм.

Дээрх хэргийн тухай дуудлага өдрийн 15:00 цаг орчимд Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст ирсэн бөгөөд дуудлагын дагуу тус цагдаагийн хэлтсийн алба хаагчид хэргийн газарт ажиллажээ. Улмаар дээрх ослын шалтгааныг тогтоох шинжээчийн албан ёсны дүгнэлт ирэх долоо хоногт гарах ба ослын газрыг битүүмжлээд байгаа юм. 

Осол гарах үед “Сансрын хөлөг” тоглоомоор 6 хүүхэд 2 том хүн үйлчлүүлж байсан бөгөөд эдгээр иргэдийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Одоогийн байдлаар хүүхдүүдийн биеийн байдал тогтвортой байгаа хэдий ч хоёр хүүхдийн биеийн байдал хүндэвтэр бэртэлтэй үргэлжлүүлэн эмчилгээ хийх шаардлагатай байгаа аж. Түүнчлэн бэртэж гэмтсэн хүүхдүүдийн ар гэрийнхэн паркын удирдлагуудад маш их гомдолтой байгаагаа илэрхийлээд байгаа юм.

Харин Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Б.Батнягтаас  тодруулахад “Сансрын хөлөг тоглоом эвдэрч дотор нь сууж байсан хүүхдүүд бэртэж гэмтсэн хэрэг гарлаа. Цагдаагийнхан үзлэг хийж мэдүүлэг авсан. Жил бүр парк нээлтээ хийхээс өмнө МХЕГ-аас тоглоомнуудын чанар стандартын асуудлаар мэдэгдэл ирүүлдэг. Түүний дагуу бид засвар үйлчилгээгээ хийгээд үйл ажиллагаагаа эхлүүлдэг.

Мөн аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтэн өдөр бүр үйл ажиллагаагаа эхлүүлэхээс өмнө буюу өглөөний 09:00 цагт тоглоомнуудаа шалгадаг. Цагдаагийн газрын хүмүүс болоод, мэргэжлийн хүмүүс юу болсныг нягтлан шалгаж байна. Хүүхдүүд гаднаасаа шалбарч, бэртэж гэмтснийг харлаа. Эмч нарийн зүгээс үзлэг шинжилгээ хийж мэдээлэл өгөх байх. Энэ тоглоомын тухайд өмнө нь гинж мултраад илүү эргэлт хийж байсан тохиолдол байгаа. Бид 2009 онд захиалга өгч хийлгээд 2010 онд угсарч суурилуулсан. Насжилтын тухай тодорхой заасан хугацаа байдаггүй. Засвар үйлчилгээнээсээ хамаараад ашиглалтын хугацаа янз бүр байдаг. Бүх тоглоомнууд 2009 онд захиалга өгөөд, 2010 онд угсарч байрлуулсан. Бидэнд хариуцлагаас зугтах шаардлага байхгүй. Аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтан хариуцлага хүлээх хуультай байдаг. Бид хариуцлага хүлээх болно” гэх тайлбарыг өгсөн юм.

Осол болох үед хэргийн газарт байсан гэрчүүдийн мэдээлж буйгаар,ҮСАХ-ийн хэсэг ажилчид эвдэрсэн тоглоомыг гагнах гэж оролдсон гэх ба гэмтсэн хүүхдүүдийг тоглоомноос гаргаад тэдэнд эмнэлгийн тусламж үзүүлэлгүй  цусыг нь цэвэрлэхээр усаар угааж байсан гэх мэдээлэл байна. Ямартай ч улсдаа цор ганц байх “Хүүхдийн парк”-ын тоглоомууд хүний амь насанд эрсдэл учруулж болзошгүй аюултай гэдгийг дээрх үйл явдал бидэнд харууллаа.

Б.ЦОГ

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *