хайх үгээ бичих

Гэмт хэрэг

Хохирогч В.Содончимэг: Өнөөдөр ч хөнөөнө гэж дарамталдаг хэвээрээ

Түгээх

‘Монголын Хуульчдын Холбоо”-ны гишүүн, өмгөөлөгч Г.Лхагвасүрэн гэр бүлийн хүчирхийллийн хохирогч В.Содончимэг нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хурлын үеэр хохирогч В.Содончимэг “Би нөхөр болох Б.Ганзоригтой 2009 онд албан ёсоор гэр бүл болсон. Анх үерхэж эхэлсэн цагаас л намайг зодож, гар хүрэх болсон. Хүүхдээ төрүүлэх гээд том гэдэстэй байхад хүртэл удаа дараа зодож сүүлдээ бүр аав ээжийнхээ нүдэн дээр зодсон. 2009 оноос хойш таван жил орчим хамт амьдрах хугацаанд гар хүрч, харгис хэрцгий үгээр доромжлох муухай хандах явдал улам л даамжирсан. Өмнөх зодсон хөх няц болсон байхад нэмээд зоддог. Үсдэж зулгаана, хаа таарсан газраа цохино. Гэхдээ нүүрэн хэсэгт биш биеийн бусад хэсэгт зодож, дэвсэлнэ. Хутга тулгаад “Чамайг хөнөөсөн байхад 2-3 жил суугаад л гарна биз” гэдэг байсан. Би хуулийн байгууллагад олон удаа хандсан.

Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст хэд хэдэн удаа дуудлага өгч, Б.Ганзоригт хэрэг үүсгэж шалгах арга хэмжээ хүртэл авхуулж байлаа. Гэвч ямар ч нэмэр байгаагүй. Үр хүүхдээ бодоод 4-5 жил хамт амьдрах гэж их тэвчээд, сүүлдээ тэвчиж чадалгүй шүүхэд салах өргөдөл гаргасан. Шүүх өргөдлийг хүлээн аваад бүх нөхцөл байдлыг судалж үзээд “үнэхээр гэр бүлийн хүчирхийлэл байна” гэж үзээд эвлэрэх хугацаа өгөлгүй шууд салах шийдвэр гаргасан. Шүүхээс хоёр хүүхдэд минь хүүхдийн тэтгэмж төлүүлэх шийдвэр гарсан боловч дөрвөн жил өнгөрч байхад өнөөдрийг хүртэл үр хүүхдээ  тэжээх эцэг хүний үүргээ огт биелүүлэхгүй байгаад гайхаж байна.

Бид 2014 онд салсан. Салснаас хойш 2018 оны нэгдүгээр сард намайг удаа дараа зодож, эрх чөлөөнд халдаж хүчирхийлэл нь үргэлжилсэн хэвээр байна. Над руу сүүлд суусан хүүхэнтэйгээ хамт “Байраа буцааж авна. Чамайг гэрээс чинь гудамжинд хөөж гаргаад байрыг чинь зарна” гэх зэргээр утсаар дарамтлах болсон. Ийм үйлдэл гаргадаг байж намайг сэтгэцийн өвчтэй шархадны эмнэлгийн хяналтад байдаг гэж гадуур яриад явж байна. Өнөөдрийн байдлаар Б.Ганзоригийн хэл амаар доромжилдог, байрнаас хөөнө гэж дарамталдаг, хөнөөнө гэж сүрдүүлдэг нь хэвээрээ. Энэ асуудлыг цагдаагийн байгууллагад шалгуулах гэхээр арга хэмжээ авдаггүй. Эндээс харахад, Б.Ганзориг Хууль, Цагдаагийн байгууллагад нөлөөлж чаддаг юм байна гэж бодогдож байна. Дээрх ярьсан асуудлуудыг шийдвэрлүүлэхэд хэвлэл мэдээлэл, олон нийтийн хяналт, туслалцаа дэмжлэгийг авахаар ийн хандаж байна” гэв.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *