хайх үгээ бичих

Нийгэм

Ипотекийн зээлийн урьдчилгааг 25 хувь, хүүг 7 хувь болгох санал хүргүүлжээ

Түгээх
ZOX.MN – БХБЯ-наас ипотекийн зээлийн нөхцлийн урьдчилгаа төлбөрийг 25 хувь, хүүг 7 хувь болгон бууруулах саналыг Засгийн газарт тавьжээ.
БХБЯ болон ТОСК, үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” компани, Монголын ипотекийн корпораци, Монголын Барилгын үндэсний ассоциаци хамтран орон сууцны зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн судалгаа хийснээ өнөөдөр танилцууллаа.
Судалгаагаар нийслэлд 580 орон сууц борлуулалтгүй байгаа бөгөөд 380 мянган өрхийн 56.9 хувь болох 217 мянган айл орон сууц авах хэрэгцээтэй, 12 хувь буюу 44.747 нь орон сууц түрээслэх, 6 хувь буюу 21.505 өрх амины сууц хаус худалдан авах хэрэгцээтэй байгаа дүн гарчээ. Орон сууц шаардлагатай 217 мянган өрхийн 35.497 нь буюу 16.3 хувь нь бодит худалдан авалт хийх боломжтой, үүний 93 хувь буюу 33.102 өрх ирэх 3 жилд орон сууц худалдан авахаар төлөвлөж байгаа бол 71.798 өрх ипотекийн зээлд хамрах хүсэлтэй байна.
Тэгвэл нийт өрхийн 20 хувь болох 73.336 нь дэд бүтэц бүхий сууц барих, 13 хувь болох 48.353 өрхөд орон сууц шаардлагагүй, 37.372 мянга буюу 10 хувь хашаа байшин худалдан авна гэсэн судалгаа гарчээ.
Өнөөдөр барилгын зах зээл дээр 80 мянган орон сууц эзнээ хүлээж байгаа ч иргэд урьдчилгаа 30 хувиа бүрдүүлэх боломжгүй, орон сууцны үнэ өндөр, өрхийн орлого зээл төлөлтөд хүрэлцдэггүй зэрэг хүндрэл бүхий шалтгаанаар орон сууц худалдан авч чадахгүй байна. Тиймээс БХБЯ-наас ипотекийн зээлийн нөхцлийн урьдчилгаа төлбөрийг 25 хувь, хүүг 7 хувь болгон бууруулах саналыг Засгийн газарт тавьж, иргэдийн орон сууцны эрэлтийг нийлүүлэлттэй уялдуулах боломжтой гэж үзжээ.
Ипотекийн зээлийн санхүүжилтэд өнгөрсөн 5 дугаар сард 45 тэрбум төгрөг хуваарилаад байгаагийн 15.7 тэрбумыг төв банкнаас, 29.4 тэрбумыг Засгийн газраас санхүүжүүлсэн бөгөөд зээлийг үргэлжлүүлснээр жилд 10 мянган айлыг хамруулах боломжтойг БХБ-ын дэд сайд Ц.Лхамсүрэн хэлэв.
Он гарснаас хойш нэгдүгээр улирлын байдлаар 48.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкуудад хуваарилж, 706 иргэн хамарчээ. Монголбанкнаас 2017, 2018 онд орон сууцны хөтөлбөрийг өөрийн өмчлөл дэх ипотекийн зээлийн багцын эргэн төлөлтийн орлогоор, Засгийн газар 2017, 2018 оны улсын төсөвт тусгасан эх үүсвэрээр тус тус санхүүжүүлж байгаагийн хүрээнд 2017 онд нийт 5.585 зээлдэгчийн 353.6 тэрбум төгрөгийн эх үүсвэр олгосон байна.
Г.Билгүүн

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *