хайх үгээ бичих

Стратегийн орд Уул уурхай

Д.Сумъяабазар: “Оюу Толгой”-н 34 хувийг хувааж эзэмшсэн асуудал байхгүй

Түгээх
ZOX.MN – “Оюу Толгой”-н Хөрөнгө оруулалтын гэрээг шалгах үйл явцын талаар УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазараас тодруулав.

-“Оюу Толгой” төслийн 34 хувийг Монголын тал эзэмшдэг. Гэтэл Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг шалгах Лобби бүлгээс Ц.Улаан гишүүн мэдээлэл хийхдээ гуравдагч тал манай улсын эзэмшлийн 34 хувиас хуваалцаад эхэлсэн гэх мэдээллийг өгсөн. Үүнд тайлбар өгнө үү?

-Монголын талд 34 хувь хэвээрээ байгаа. Хуваалцсан зүйл байхгүй. “Антре гоулд” компани эхнээсээ Оюу Толгойн бүлэг ордод хайгуул хийж байсан компани. Одоогоор энэ компани манай хувиас хуваалцаад эхэлсэн гэх мэдээлэл надад ирээгүй. Харин стратегийн орд газрын талбайтай холбоотой асуудлаар Ажлын хэсгээс дүгнэлт гаргасан байж мэдэх юм. Орд газрын хил хязгаар нь  “Антре гоулд” компанийн талбай орсон гэх зэрэг зүйл бол бий. Энэ тухайд шалгалт хийгээд асуудлыг илүү тодорхой болгоно гэж бодож байна. Өмнө нь ч энэ тухай яригдаж, ажлын төлөвлөгөөнд орсон. Харин үүнтэй холбоотойгоор юу яригдсан бэ гэвэл, Таван Толгойн бүлэг ордыг геологийн тогтоцоор нь хэрхэн үнэлэх вэ гэдгийг тодорхой болгох талаар ярилцаж эхэлсэн. Жишээ нь, нэг ордод 4-5 аж ахуйн нэгж лиценз авчихсан, ордын үнэ цэнийг унагаадаг байдал түгээмэл боллоо. Хоёрдугаарт Багануур, Эрдэнэт, Шивээ-Овоод ч ийм асуудал байдаг. Жишээлбэл, Нарийнсухайтын бүлэг ордод долоон компани тус тусдаа лиценз аваад үйл ажиллагаа явуулж байна. Оюу Толгойд гуравдагч этгээд гарч ирсэн гэж байгаа нь энэ өнцгөөс ярьсан болов уу гэж ойлгож байна. Түүнээс хувьцааны хэлбэрээр шууд хуваалцах тухай ойлголт байхгүй. Өөрөөр хэлбэл, байгалийн тогтоцод нь “Оюутолгой”, “Антре гоулд” хоёрын лицензийн ялгаа заагийг ярьсан байх.

-Өмнөх УИХ-аас Ажлын хэсэг гараад Оюу Толгойд шалгалт хийхэд гурван жилийн хугацаанд гурван тэрбум ам.долларын зөрчил илрүүлсэн гэж байсан. Гэтэл энэ зөрчлийг Дубайн гэрээний хүрээнд Монголын талын өр болгоод хувиргачихсан гэх асуудал байна. Энэ талаар танд ямар мэдээлэл байна вэ?

-“Далд уурхайн бүтээн байгуулалт, санхуужилтийн төлөвлөгөө” буюу Дубайд очиж гарын үсэг зурсан асуудлаар хүмүүс өнөөдөр саатуулагдсан байна. Энэ тухайд хууль хяналтынхан шийдвэрээ эцэслэн гаргаад гэм буруутай эсэхийг нь нэг тийш болгосон үед энэ талаар ярих боломжтой болно гэж ойлгож байгаа. Харин Оюу Толгойн гэрээний сайн, муугийн тухайд яривал төсөвт үзүүлэх жин, нийгэмд үзүүлэх үр нөлөө, ажлын байр, компаниудад үзүүлж байгаа дэмжлэг нөлөөлөл маш их гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа болов уу. Энэ төслийг бид нэг өнцгөөс харж, буруутгаж болохгүй. Харин яавал цаашдаа үр өгөөжийг нь нэмэгдүүлж, цаашид амжилттай хэрэгжүүлэх вэ гэдэгт л анхаарал хандуулж, санаа тавих хэрэгтэй. Хэн нэгэнд буруу өгөх юмуу хэрэг тохох талаас нь асуудалд битгий хандаасай. Энэ стратегийн ордыг эргэлтэд оруулахад тухайн үеийн УИХ, Засгийн газар хүнд хүнд шийдвэрүүдийг гаргаж ирсэн. Одоо бол Оюу Толгой төсөл явдгаараа явж байгаа. Цаашдаа ч улс оронд үр өгөөжөө өгөөд явна. Засгийн газрын зүгээс зардалтай холбоотой асуудалд нэлээд хяналт, шахалт өгч ажиллаж байгаа. Энэ талаар ч Оюу Толгойн Гүйцэтгэх захирал, ТУЗ-ийнхнийг дуудаж ярилцаж байна. Монголын талаас тавьж буй шаардлагуудыг биелүүлнэ гэж найдаж байна.

-“Оюу Толгой”-д тавьсан татварын актын асуудлыг хэрхэн шийдэж байна вэ? ТУЗ-ийн даргын өгсөн мэдээллээр хоёр тал 30 хоногийн дотор ойлголцохгүй бол Арбитрын шүүхэд очно гэж байсан?

-Хоёр тал өөрсдийн гаргасан шийдвэр, байр сууриа хамгаалсан байдалтай байна. Нэлээд хүч, хугацаа шаардсан яриа болж байна. Ер нь татвар, санхүүгийн асуудлаас болж улс орон төдийгүй аж ахуйн нэгжүүд ч хохирол амсдаг. Бид ч гэсэн Монголын талын буюу Засгийн газрынхаа байр суурийг л хамгаална. Төсөл амжилттай хэрэгжиж байна гэдэг нэрийдлээр нүдэн балай, чихэн дүлий яваад байж болохгүй. Ажлын хэсгүүд хуралдаад зохих хувилбаруудаа гаргаад явж байна. УИХ-аас ч Ажлын хэсэг гаргасан. Энэ сарын сүүлээр ажлын хэсгүүд дүгнэлтээ гаргаад, Оюу Толгойн асуудал цэгцтэй яригдах байх гэж найдаж байна.

Г.Билгүүн

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *