хайх үгээ бичих

Онцлох мэдээ Эрэн сурвалжлах

МЗХ хятад иргэдийг “Монголын тэргүүний залуу”-аар өргөмжилжээ

Түгээх

Монголын залуучуудын холбооноос БНХАУ-ын нэр бүхий долоон иргэнийг “Монголын тэргүүний залуу” цол тэмдгээр шагнаж урамшуулсан тухай мэдээлэл олон нийтэд таржээ. Улмаар дээрх гадаад иргэдийг ямар учир шалтгаанаар “Монгол улсын тэргүүний залуу” хэмээн өргөмжилсөн бэ? гэх асуулт олон нийтийг төөрөгдүүлж байна.

Монголын залуучуудын холбоо нь 1991 онд байгуулагдаж байсан ба уг байгууллагыг Сангийн сайд асан С.Баярцогт, Монгол улсын 28 дахь ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар тэргүүлж явсан. Харин 2012 оноос өнөөдрийг хүртэл А.Мөнхбат дээрх холбоог тэргүүлэн ажиллаж байгаа юм.

МЗХ-ны цол тэмдгээр тухайн салбартаа үнэтэй хувь нэмэр оруулсан, ажлын өндөр амжилт бүтээл гаргасан тэргүүний хүмүүсийг алдаршуулан шагнаж ирсэн байдаг ба шагнал авах болзлыг журамд нарийвчлан тусгасан байдаг.

“Тэргүүний залуу” цол тэмдгийн тухайд, дараах үзүүлэлтийг үндэслэн олгоно. Үүнд: Тухайн шагналд тодорхойлогдож буй хүн нь дээд боловсролтой өөрийн ажиллаж буй салбарт болон улс эх орондоо бодитой үнэлэгдэхүйц өндөр амжилт гаргасан байна. Хариуцсан ажлын үзүүлэлт, чанар, амжилт, бүтээл нь  олон улс, улс, хот, аймгийн хэмжээнд  үнэлэгдсэн байх.“Монгол залуу хүний эрмэлзэх 9 зүйл”-ийг мөрдлөг болгон ажиллаж,оюуны өндөр бүтээл гаргасан, хамт олныхоо дунд нэр хүндтэй, Монголын Залуучуудын Холбооноос хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаанд идэвхи чармайлттай оролцдог, тухайн байгууллагадаа 5-аас доошгүй  жил ажилласан, бусдыгаа манлайлан, удирдан зохион байгуулах чадвартай тэргүүний залуучууд байна хэмээжээ.

Тиймээс Монголын залуучуудын холбооны, Шагнал хариуцсан мэргэжилтэнтэй холбогдож, дээрх нэр бүхий иргэд нь болзол хангасан эсэх, ямар үндэслээр шагнаж урамшуулсан талаар тодруулахад “Монголын залуучуудын холбооноос дээрх шагналыг олгоогүй. Манайд тэдгээр хүмүүсийг шагналд тодорхойлсон материал танилцуулга ирж байгаагүй. Харин манай салбар нэгжүүд өөрсдөө шагналын квоттой байдаг ба энэ квотынхоо хүрээнд шагналаа тэдгээр хүмүүст өгсөн байх. Шагналын хувьд манай шагнал бол мөн гэхдээ нэгжүүдэд өгсөн квотын шагнал юм” гэлээ.

Тус холбоо нь өнөөдрийн байдлаар 21 аймаг, 320 сум, нийслэлийн  9 дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг. Ингэхдээ УИХ дахь залуучуудыг дэмжих лобби бүлэг, НИТХ-ын залуучуудыг дэмжих лобби бүлэг, тусгай салбар холбоод болон  залуучуудын хороо, зөвлөл, клуб гэсэн системтэйгээр ажилладаг.

Б.ЦОГ

1 Сэтгэгдэл

  1. Зайл цаашаа 2018-06-05 19:04

    Удахгүй квот тогтоогоод их хуралд сууж эхлэхнээ.

    Reply

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *