хайх үгээ бичих

Эдийн засаг

“Эрдэнэ Ресурс” компани Торонто болон МХБ-д хувьцаагаа давхар арилжина

Түгээх

“Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” Торонтогийн хөрөнгийн бирж болон Монголын хөрөнгийн биржид хувьцаагаа давхар арилжих эрхтэй анхны компани боллоо. Тус компани өөрийн хувьцааг хоёр хөрөнгийн биржид давхар бүртгүүлэн, арилжаа хийх зөвшөөрлийг МХБ болон Санхүүгийн зохицуулах хорооноос авчээ.

Дээрх компани нь мэргэжлийн компаниуд болон орон нутагт үнэт цаасны танилцуулгаа хийсэн байгаа бөгөөд хувьцааны анхдагч зах зээлийн арилжаагаа зургаадугаар сарын 11-14-ний хооронд хийх аж. “Erdene Resource Development” компани Монголын Хөрөнгийн биржид дөрвөн сая ширхэг хувьцааг тус бүрийг нь 640 төгрөгөөр үнэлэн олон нийтэд санал болгож, нийт 2.56 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ.

Энэхүү хөрөнгийг хайгуулын өрөмдлөг, нөөцийн тооцоолол, техникийн судалгаа хийж гүйцэтгэхэд зарцуулах юм байна. Монголд гаргах хувьцаанаасаа 101,100 ширхгийг үйл ажиллагаа явуулж буй Баянхонгор аймгийн хоёр сумын иргэдэд нэр зааж эзэмшүүлэх бол үлдэх 3.89 сая ширхэг хувьцааг тогтоосон үнээр олон нийтэд санал болгох ажээ. “Erdene Resource Development”-ийн зах зээлд арилжаалж байгаа нийт хувьцааных нь тоо 146.4 сая ширхэг юм байна. Тус компани Монголд хайгуулын дөрвөн тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа бөгөөд үүнээс хоёр тусгай зөвшөөрлийн талбайд алт, зэсийн долоон хуримтлалыг нээж илрүүлсэн талаараа мэдээлсэн юм. Энэ дундаас “Баянхөндий”, “Алтан нар” төслүүдэд эцсийн шатны өрөмдлөг, судалгааны ажлаа хийж, олборлолтын шат руугаа орох гэж байна. Торонтогийн Хөрөнгийн биржид сүүлийн арилжаагаар тус компанийн хувьцааны ханш 1.49 хувиар буурч, 0.33 канад доллар болсон байна.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *