хайх үгээ бичих

Онцлох мэдээ Эрэн сурвалжлах

УИХ-ын гишүүн Д.Мурат амиа хорлохыг завджээ

Түгээх

Баян-Өлгий аймгаас УИХ-д сонгогдсон Дакейн Мурат өөрийн албанд ажилладаг гэх нэгэн эмэгтэйг бэлгийн дарамтад оруулсан тухай мэдээлэл өнгөрөгч оны сүүлээр хэвлэлээр цацагдаж байв.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Мурат нь өөрийн туслахаар дамжуулан танилцсан, орчуулга хийдэг  Б.Бахытгүл гэх эмэгтэйд өөрийн ёс бус зургийг явуулж, бэлгийн харилцаанд орохыг шаарддаг тухай хохирогч эмэгтэй хэвлэлд мэдээлэл өгч байлаа.

Улмаар хохирогчийн гомдлын дагуу Баян-Өлгий аймгийн Эрүүгийн цагдаагийн хэлтсийн 4-р тасагт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хавтаст хэргийг прокурорт шилжүүлэн уг хэргийг Нийслэлийн прокурорын газарт хянаж байна.

Хэрэг шалгагдах хугацаанд хохирогч эмэгтэйн зүгээс хэд хэдэн удаа хэвлэлд ярилцлага өгсөн ба тэрбээр “Анх  12 дугаар сарын 4-нд Эрүүгийн Цагдаагийн хэлтсийн 4-р тасгийн ахмад Түвшинбаярт  хэргийн тухай бүх мэдээллийг өгсөн. Миний гомдлыг хүлээж авсан цагдаа намайг Мураттай эвлэрч, тохиролцохыг шаардаж байсан юм. Саяхан би хотод очоод Мураттай уулзсан. Зургаан цагийн турш намайг гомдлоо татаж авахыг ятгасан. Тэр үед Мурат хэлэхдээ “Олон хүн миний талд байгаа. Тиймээс чи юу ч хийж чадахгүй. Би Баттулга ерөнхийлөгчтэй найз. Тиймээс миний талд шийдвэр гарна. Та нар хуулиар юу ч олж долоохгүй” гэж хэлснийг баримтжуулж авсан” хэмээж байв.

Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Муратын зүгээс “Хагалгаанд ороод өвчтэй байх үеийн зургийг олон нийтэд дэлгэсэн” хэмээн тайлбарлаж байсан ба өөрийгөө хохирогч хэмээн зарласан Б.Бахытгүлийг нэр хүндэд халдсан гэх шалтгаанаар эрүүгийн хэрэг үүсгэх гомдол гаргаад байсан билээ.

Ийнхүү хэргийн учир шалтгаан хаа хаанаа тайлагдалгүй явах зуур УИХ-ын гишүүн Д.Мурат амиа хорлох үйлдэл гаргасан гэдгийг баттай эх сурвалж мэдээллээ. Бидэнд ирүүлсэн мэдээллээс дурдвал, Д.Мурат нь дээрх хэргийн тухай мэдээлэл олон нийтэд цацагдсан үеэс эхлэн сэтгэлзүйн маш хүнд дарамтад байсан гэх ба өнгөрөгч 5-р сарын дундуур архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ амиа хорлох оролдлого хийжээ.

Дээрх мэдээллийн дагуу УИХ-ын гишүүн Д.Мураттай холбогдож тодруулах гэсэн боловч бидэнд ямар нэг хариу өгөхөөс татгалзсан юм.

Харин хохирогч гэх Б.Бахытгүлийн өмгөөлөгчтэй холбогдож дээрх хэргийн талаар тодруулахад “Манай үйлчлүүлэгч Баян-Өлгийгөөс ирэх үеийг хүлээж байна. Мурат гишүүн амиа хорлохыг завдсан гэх яриа бол гарсан. Үүнтэй холбоотойгоор бэлэг эрхтэнийх нь зургийг гаргасан гэх шалтгаанаар үйлчлүүлэгчийг удаа дараа сүрдүүлж байсан. Олон янзын утаснаас ярьж дарамталж байсан баримт бий” гэлээ.

Энд онцлоход, УИХ-ын гишүүн Д.Муратад үүсгээд байгаа хэрэг нь Эрүүгийн хуулийн 11.6  буюу Хүний биед санаатайгаар хөнгөн гэмтэл учруулах гэсэн зүйл ангид хамаарах бөгөөд энэхүү гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь нэг жилийн дотор хэрэгсэхгүй болох хууль эрхзүйн үндэслэлтэй. Иймд дээрх хугацаанд багтан шүүх хурал болохгүй бол УИХ-ын гишүүн Д.Мурат нь эрүүгийн хэргээс зайлсхийх боломжтой болж байгаа ажээ.

Б.ЦОГ

 

1 Сэтгэгдэл

  1. dandar 2018-06-04 08:43

    Huchingiin her deer yah bolj bain eruu uusehgui ym uu. Ene balai hunchindeh uildel gargaad tegeed huchingiin hereg tugsdug malnuudaa ta nar uneher dabarch bain aa

    Reply

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *