хайх үгээ бичих

Эрэн сурвалжлах

“Номин” сүлжээ дэлгүүр “ХАМГИЙН ҮНЭТЭЙ” бараа нийлүүлдэг

Түгээх

Хямд үнийн баталгаа гэх сүржин уриатайгаар үйл ажиллагаа явуулдаг “Номин” сүлжээ дэлгүүр нь жижиглэн болон бөөний худалдаа, хайпермаркет, их дэлгүүр гэсэн чиглэлээр Улаанбаатар хотод 20 салбар, орон нутагт найман салбар дэлгүүр ажиллуулдаг.

Хүнс болон гоо сайхан, гэр ахуйн бараа гэх мэт нийт 85 мянга гаруй төрлийн бараа бүтээгдэхүүнийг дотоодын болон гадаадын 10 мянга гаруй нийлүүлэгчдээс аван иргэдэд дамлан борлуулдаг байна.

Ингэхдээ бараа бүтээгдэхүүн нийлүүлэгчээс өгсөн анхны үнийн дүн дээр 15-40 хүртэлх хувийн нэмэгдэлтэйгээр зарж борлуулдаг гэх ба ижил төрлийн бизнес эрхэлж буй сүлжээ дэлгүүрүүдтэй харьцуулбал аливаа бүтээгдэхүүнийг харьцангуй өндөр үнээр худалддаг гэжээ.

Жишээлбэл,  үйлдвэрлэгч 1000 төгрөгийн үнэтэй бараа нийлүүлэхэд дээрх үнэ дээр даруй 15-40 хувь нэмж 1150-1400 төгрөгөөр худалддаг хэмээн зарим нийлүүлэгч нар мэдээлж байна. Улмаар бараа үйлдвэрлэгч, нийлүүлэгч нарын бүтээгдэхүүний нийт өртөг дээр сүлжээ дэлгүүрийн нэмэгдэл үнэ нэмэгдсэнээр тухайн бүтээгдэхүүний худалдан авалтад сөргөөр нөлөөлдөг байна. Нөгөө талаас бараа бүтээгдэхүүн импортоор оруулж ирж буй болон үйлдвэрлэж буй компанийн цэвэр ашигтэй тэнцэх хэмжээний ашгийг дээрх сүлжээ олдог ажээ.

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй зарим сүлжээ дэлгүүрүүдийн үнийн нэмэгдлийг дараах хүснэгтээс жишээ болгон харвал “Добрый” жүржийн шүүсийг “Номин” сүлжээ дэлгүүр 4400 төгрөгөөр худалддаг. Энэ нь үйлдвэрлэгчийн үнээс даруй 15 хувийн нэмэгдэлтэй байгаа бол “Оргил” худалдааны сүлжээнд дээрх шүүс нь 4210 төгрөг буюу нийлүүлэгчийн үнэ дээр 9.9 хувийн нэмэгдэлтэйгээр худалдаалагддаг байна.

Түүгээр барахгүй “Номин” сүлжээ дэлгүүр нь харилцагч нартайгаа байгуулсан “Бараа бүтээгдэхүүн нийлүүлэлтийн гэрээ”-нд тусгасан жижиглэнгийн үнийн саналыг дагаж мөрдөлгүй үндэслэлгүйгээр үнийн хөөрөгдөл үүсгэж байгаа гэх мэдээлэл бий.

Ямартай ч худалдааны салбарт олон жил ажилласан туршлагатай борлуулагч нарын судалгаагаар ”Номин” сүлжээ дэлгүүр нь хямд үнийг санал болгоно гэдэг ч хамгийн өндөр үнээр бараа худалддаг сүлжээ дэлгүүрүүдийн түүчээнд нэрлэгдэх болжээ.

Б.ЦОГ

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *