хайх үгээ бичих

Эрэн сурвалжлах

ЦЕГ: Цагдаагийн алба хаагч сахилга хариуцлагын зөрчил гаргаж байгаатай тэмцэнэ

Түгээх

Өнгөрөгч долоо хоногт Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөгч, ахмад М нь Налайх дахь мал мах, түүхий эд худалдааны компанийн татвараас зайлсхийсэн гэх үйлдлийг шалгаж байхдаа дөрвөн сая төгрөгийн авлига авсныг ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалтаар илрүүлэн хэргийг харьяаллын дагуу АТГ-т шилжүүлсэн байна.

Түүнчлэн Цагдаагийн хурандаа Н.Наранчимэг гэгч нь нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Зүүнсалаа орчимд согтуугаар автомашин жолоодож явахдаа осол гаргасныг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа ба осол гаргасан этгээд нь 2007 онд ЦЕГ-аас тэтгэвэрт гарсан нэгэн байжээ.

Ийнхүү цагдаагийн алба хаагчид сахилга хариуцлагын зөрчил гаргаж байгаатай холбогдуулан дотооддоо дэг журам сайжруулах, хууль тогтоомж зөрчдөг аливаа асуудалтай тэмцэх ажлыг эрчимтэй өрнүүлж эхэлжээ.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “ Бид дээрх мэт асуудалтай эвлэрэхгүй, тэмцэж ажиллаж байна. Цагдаагийн төв байгууллагын дотоод хяналт шалгалтын 126 гэдэг тусгай утас, ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн фэйсбүүк хуудас, твиттер хуудаст цагдаагийн алба хаагчтай холбоотой хээл хахууль, хүнд суртал, зүй зохисгүй үйл ажиллагааны талаар 24 цагийн турш мэдээллийг ирүүлэх боломжтой. Бид мэдээллийг хүлээж аваад хуулийн дагуу холбогдох ажиллагаа явуулна.

Монгол Улсын Засгийн газраас энэ оныг “Хариуцлагын жил” болгон зарласантай холбогдуулан цагдаагийн алба хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, мэргэжлийн түвшинг үнэлэх үүрэг бүхий баг бүрэлдэхүүн ирэх 6-р сарын 15-ны өдрийг хүртэл хөдөө орон нутгийн цагдаагийн газар хэлтсүүдэд ажиллана. Энэ хугацаанд ЦЕГ-ын удирдлагын бүрэлдэхүүн орон нутгийн иргэдтэй уулзаж санал бодлыг сонсож үйл ажиллагаандаа тусгахаар болсон тул нийт иргэд та бүхэн өргөнөөр оролцож, санал хүсэлтээ хүргүүлэх нь маш чухал” гэлээ.

Б.ЦОГ

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *