хайх үгээ бичих

Онцлох мэдээ Эрэн сурвалжлах

УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүү, Хяналтын прокурор Х.Тамир дахин хар тамхины хэрэгт холбогджээ

Түгээх

Арваадхан жилийн өмнө хар тамхи гэдэг ойлголт биднээс маш хол сонсогддог байсан бол өнөөдөр энэхүү аюул манай улсад бодитойгоор нүүрлээд байгааг хууль хяналтын байгууллагынхан дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг. Олны танил уран бүтээлчдээс эхлээд хууль шүүхийн байгууллагынхан, цагдаагийн алба хаагчид, өсвөр насныхан хүртэл хар тамхины гэх хэрэгт холбогдож байгаа нь энэхүү гамшиг бидэнд хэр ойрхон ирснийг харуулна.

Гэвч Монгол улсын үндэстний аюулгүй байдалд заналхийлэх дээрх гэмт хэрэгтэй шийдвэр гаргагч нар тэмцэж чадаж байгаа эсэх нь тун эргэлзээтэй.

Учир нь, одоогоос гурван жилийн өмнө Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарын нэр бүхий 5 хүн хар тамхины хэрэгт холбогдсон байдаг. Ингээд 2017 оны 1-р сарын 11-ний өдөр нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дээрх хэргийг хэлэлцэж Х.Тамир нарт 5-аас 6.5 хүртэлх жилийн хорих ял оноож байв.

Гэвч ялтнууд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан байдаг. Улмаар хэргийг задлан дахин холбогдогч нар нэмэгдсэнээр мөрдөн байцаалтын ажиллагааг тусгай субъектээр шалгаж, өнөөдрийг хүртэл гадуур байцааж байжээ.

Гэтэл өнгөрөгч баасан гариг буюу 5-р сарын 25-ны өдөр, оройн 20:00 цагийн орчимд Х.Тамир, Б.Амарбаясгалан нарыг дахин хар тамхи хэрэглэсэн байх үед нь ЦЕГ-н Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид саатуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Х.Тамир нар нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хувийн автомашиндаа хар тамхи хэрэглэсэн байжээ. Улмаар сэжигтнүүдээс шээсний дээж авч шинжлэхэд мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдсон гэх ба хэргийн газраас айс буюу метафетамин хураан авчээ. Гэвч сэжигтнүүдийн өмгөөлөгчийн хүсэлтээр тэднийг гадуур байцааж байгаа ба тэдний өмгөөлөгч О гэгч нь Х.Тамиртай өмнө нь хамт ажилладаг байсан прокурор гэх мэдээлэл байна.

Түүнчлэн сэжигтэн Х.Тамир нь УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүү бөгөөд түүний төрсөн дүү нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр юм. Харин түүнтэй хамт хар тамхины хэрэгт орооцолдсон Б.Амарбаясгалан нь Х.Тамирын их сургуулийн ангийн нэгэн бөгөөд хэрэгт холбогдох үедээ Тагнуулын ерөнхий газрын алба хаагчаар ажиллаж байсан билээ.

Ийнхүү Монгол төрийн өмнөөс эрх мэдэл хэрэгжүүлэгч, улсынхаа тусгаар тогтнол аюулгүй байдлын төлөө тангараг өргөсөн тагнуулын байгууллага, прокурор, шүүхийн байгууллагын алба хаагчид хар тамхи гэгч аюулын галыг хамтдаа “өрдөж” байгаа нь олон нийтийн шүүмжлэлийг ихээхэн дагуулж байна.

Б.ЦОГ

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *