хайх үгээ бичих

“Таван Толгойн 51 хувийг төр эзэмших нь зөв”

Түгээх
ZOX.MN –УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Таван Толгойн төслийн талаар байр сууриа илэрхийлэв.

-Таван Толгой төслийг цогцоор нь хөдөлгөх асуудлаар тун удахгүй улс төрийн шийдвэр гаргах гэж байгаа. Та ямар байр суурьтай байгаа вэ?

-Өмнө нь янз бүрийн олон хувилбар яригдсаар ирсэн. Одоо бол төр 51 хувиа эзэмших хувилбар яригдаж байгааг би хувьдаа зөв гэж харж байгаа. Үнэхээр байгалийн баялаг Монголын ард түмний эзэмшилд байх ёстой нь үнэн юм бол заавал төр хувиа эзэмшээд явах учиртай. Одоо Оюу Толгойг хар, 51 хувиа төр эзэмшиж чадахгүй байгаа учраас өнөөдрийн бүх асуудал үүсч байна.

1072 хувьцаа багтаж байгаа учир Таван Толгойн 51 хувийг төр зайлшгүй эзэмших ёстой. Харин 49 хувь дотроо менежментээ шийдэж, гаднаас санхүүжилт татна уу, 49 хувьдаа IPO гаргах уу гэдэг нь хувилбараа гаргаж болно.
-Таван Толгойн ордыг эрчимтэй хөдөлгөснөөр эдийн засагт үзүүлэх үр нөлөөг хэрхэн харж байгаа вэ?

-Таван Толгой бол үнэхээр гайхамшигтай орд. Өнгөрсөн оны эдийн засгийн өсөлтийг ерөөсөө л Таван Толгойн нүүрс бий болгосон. Монгол Улсын экспортын орлого 2016 онд 4.9 тэрбум ам.доллар байсан. Харин 2017 оны сүүлчээр 6.2 тэрбум ам.долларт хүрсэн байдаг. Нэг жилийн дотор 1.3 тэрбум ам.доллараар экспорт өссөн. Үүнийг нүүрс л өсгөсөн юм. Энэ тоо өнөөдөр бидэнд амсхийх боломж бий болгож, эдийн засгийн өсөлтийг авчирлаа. Нөгөө талд “Эрдэнэт” үйлдвэр харьцангуй сайжирч 300 орчим тэрбумыг төлж байснаа 520 гаруй тэрбум төгрөгийн татварыг 2017 онд төлсөн. Харин Оюу Толгойн төлсөн татвар буурсан. Дэлхийн зах зээл дээр алт, зэсийн үнэ өсөөд байсан мөртлөө Оюу Толгойн татвар буурчихсан байгаа юм. Өмнөх жилүүдэд Оюу Толгой ААНОАТ-т 140-160 тэрбум төлдөг байсан. Гэтэл 2017 онд 19 тэрбум төгрөг төлсөн байх жишээтэй. Энэ нь зардлаа өсгөснийг л харуулж байгаа.

Зардал өсөхөөр орлогын албан татвар нь буурчихаж байгаа юм. Энэ асуудалд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Оюутолгойн ТУЗ-д сууж буй хүмүүс анхаарч, хяналтаа тавиад явах ёстой. Үүнийхээ төлөө тэд цалин авч байгаа. Төрийн төлөөллөө хэрэгжүүлэх чиг үүргийнхээ хүрээнд “Эрдэнэс Монгол”-той маш сайн хамтарч ажиллаж, санал санаачлага гаргах учиртай. Сангийн яам, УУХҮ-ийн яаманд тодорхой мэдээлэл өгч байх хэрэгтэй. Түүнээс биш цалин авчихаад л, тэндээ суугаад байж болохгүй.

-Оюу Толгойн гэрээний хэрэгжилтийг шалгах чиг үүрэг бүхий ажлын хэсэгт саяхан өөрчлөлт орж, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд хүртэл багтлаа. Хэр үр дүн гарна гэж та үзэж байна вэ?

-Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг сүүлд шинэчилсэн. Тэгэхээр тодорхой асуудлуудаа гаргаад ирэх болов уу гэсэн горьдлоготой байгаа. Энэ асуудлаар харьцангуй зөв байдлаар тогтвортой байр сууриа илэрхийлдэг хүмүүс ажлын хэсэгт багтсан байна билээ. Тийм учраас ард түмэнд ашигтай байдлаар асуудал эргэх болов уу гэсэн хүлээлттэй л байна.


 

-ТАВАН ТОЛГОЙ ТӨСЛӨӨС ҮЛ ШАЛТГААЛЖ ОЮУТОЛГОЙ ШИЙДВЭРЭЭ ГАРГАХ ЁСТОЙ-

-Таван Толгой төслийг цогцоор нь идэвхжүүлэхэд Цахилгаан станцын төсөл давхар хөдөлж, төрөөс бодлогоор оролцоно гэж ойлгож болох уу?

-Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэл дэх төмөр замын асуудлыг шийдсэн. Тээвэрлэх хоёр дахь гарцыг нээх бодлогыг Засгийн газраас барьж байна гэсэн үг.  Станцын хувьд Тавантолгойд дахин баригдлаа гэхэд хэрэглэгч нь бэлэн байна. Оюутолгой, Тавантолгойн бүлэг ордыг ашиглагч нүүрсний чиглэлд үйл ажиллагаа явуулдаг компаниудын эрчим хүчний хэрэглээ тэнд байгаа нь үнэн. Тэгэхээр бид станцынхаа асуудлыг аль болох хугацаа алдахгүй л шийдэх ёстой юм. Гэтэл  эрчим хүчний гол хэрэглэгч болох Оюу Толгой компани цахилгаанаа хаанаас авах гээд байгаагаа өнөө хүртэл тодорхой болгоогүй байна. Цахилгаан станцаа барих ч юм шиг, барихгүй юм ч юм шиг дүлэгнээд байна шүү дээ. Ийм байдал үзүүлээд байгаа нь буруу. Тиймээс бид Тавантолгой төслөөс үл шалтгаалж, Оюутолгойг цахилгаан станцаа барих эсэх шийдийг нь энэ ондоо багтааж гаргуулах хэрэгтэй байгаа юм.

-Хэрэв заасан хугацаанд цахилгаанаа авах асуудлаа шийдвэрлэж амжихгүй бол яах вэ? 

-Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээгээ биелүүлэхийг Засгийн газрын зүгээс шаардана. Энэ чигээрээ яах нь тодорхойгүй яваад байж болохгүй. Дээр хэлсэнчлэн энэ чигээрээ байх юм бол нэг л мэдэхэд 2024 он болоод хамаг баялгаа аваад, гараад явахад бэлэн болчихсон байхыг ч үгүйсгэхгүй. Цахилгаан станц барих хугацаа өөрөө 4 жил юм. Өнөөдрөөс тооцоход 2021 онд хугацаа нь дуусна. Хугацаа ийм байгаа учраас жил алдагдуулчих вий гэсэн болгоомжлол байна. Тиймээс Хөрөнгө оруулалтын гэрээний заалтын хэрэгжилтийн талаар нэлээд асуудал хөндье гэсэн бодолтой байна.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *

Дараагийнх