хайх үгээ бичих

Онцлох мэдээ Эрэн сурвалжлах

БХЯ, ЗХЖШ-ын хурандаа нар үнэгүй байр авч ДАМЛАН худалджээ

Түгээх

Энэ оны эхээр УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооныхон БХЯ, ЗХЖШ-д ажиллах үеэр тус салбарын генералууд “ЦАХ-дынхаа нийгмийн хамгааллыг сайжруулахад шаардлагатай байгууламжуудыг барихад төсөв хүрэлцэхгүй байна” мэдэгдэж байсан.

Энэ салбарт үнэхээр төсөв хүрэлцдэггүй нь үнэн боловч дээрх байгууламж болох албан тушаалын орон сууцнуудын ихэнхийг өөрсдөө хувьдаа завшжээ. Хамгийн сүүлд 2010, 2012 болон 2015, 2016 онд ашиглалтад орсон 63, 50, 300 айлын нийт 5 орон сууцанд БХЯ, ЗХЖШ-ны генерал хурандаа нар орсон байна.

15 дугаар хороололд орон сууцтай,  сүүлд орлогын ямар эх үүсвэрээрээ хаустай болсон нь тодорхой бус 2009-2015 онуудад ЗХЖШ-ын дарга асан бэлтгэл дэслэгч генерал Ц.Бямбажав, 2009 онд мөн дүүрэгт Жуковын музейн хажууд шинээр ашиглалтанд орсон 48 айлын орон сууцанд орсон  ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга хошууч генерал Р.Сүхбат, мөн тэр байрнаас  аваад зарчихсан өдгөө хауст амьдардаг БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга бригадын генерал Г.Сайханбаяр, 16 дугаар хороололд байртай БХЯ-ны газрын орлогч дарга хурандаа Х.Нямчулуун, 15 дугаар хороололд байртай мөн яамны Санхүүгийн хэлтсийн дарга Д.Ганхуяг, 1 дүгээр хороололд байртай 2009-2016 онд ЗХЖШ-ын дэд даргаар ажиллаж байсан бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай гэх мэт баримтууд бий.

2000–аад оны эхээр Гадаадад энхийг сахиулах ажиллагаанд ажиллагчаар яваад ирсэн бэлтгэл хурандаа Р.Даваадорж, хурандаа Д.Энхбаатар, ЗХЖШ-ын Эрүүл мэндийн хэлтсийн дарга, хурандаа Л.Ганчимэг, Гадаадад цэргийн атташегаар ажиллаж байгаа бригадын генерал Д.Баярсайхан, хурандаа О.Ариунаа,О.Баяр-Очир, Д.Ганбаатар, Л.Батцэнгэл нар орон сууцгүй гэх.

Энэ мэтээр “байр сууц”-гүй генерал хурандаа нарын яагаад байр сууцанд орсон шалтгааныг тоочвол ихээхэн баримт хөвөрнө.

БХЯ-наас албан тушаалын зарим орон сууцыг хувьчлахаар болж засгийн газраар шийдвэр гаргуулах гэж “Цэргийн орон сууц” хөтөлбөр боловсруулсан байна. Хувьчлагдах гэж буй байрнуудын жагсаалтад 2008 оноос хойш ашиглалтад орсон Хан-Уул дүүрэгт 2 сууц, Баянзүрх дүүргийн Улаанхуран дахь 63 айлын 10 давхар 3 сууц, Их засаг их сургуулийн хажуу дахь 50 айлын 1 орон сууц, Жуковын музейн ард баригдсан 300 айлын 3 блок сууцнууд хувьчлалд хамрагдах аж.

”Орон сууцныхаа нөхцөлийг сайжруулсан” гэх  генерал хурандаа нарын ихэнх нь авсан байрандаа амьдрахгүй, түрээсэлж,  дамлан зарж ашиг олж байна.

Хамгийн сүүлд 2015 оны эцсээр ашиглалтад орсон 300 айлын байрыг анх барихад тухайн үед буюу 2010 онд 10 тэрбум төгрөг төсвөөс гарсан. Гэвч мөнгө нь хүрэлцээгүй тул орохоор нэрээ өгсөн  орсон офицер ахлагч нараас баригдаж байх үед нь  тус бүрээс нь 5 сая төгрөг авч сантехникийн асуудлыг нь шийдсэн гэнэ. Нэмж засгийн газраас 1 тэрбумыг өгсөн. Анх баригдахад олгосон 10 тэрбум төгрөг юунд зарцуулагдсан тухай ямар нэг мэдээлэл байдаггүй.

Гэвч энэ 300 айлын сууцанд орсон зарим этгээдүүд нь урьдчилж өгсөн 5 сая төгрөгөөр авсан байраа 8 саяар дамлан зарсан сурагтай. Хаа хамаагүй энгийн нэгэн хүн батлан хамгаалах салбарт ажилладаг хэн нэгний өмнөөс мөнгийг нь төлж авсан гэнэ.

БХЯ, ЗХЖШ-ын томоохон дарга нар энэхүү гэмт үйлдлээ зөвтгөж цэргийн алба хаагчдаа хөнгөлөлттэй үнээр буюу 1 метр квадратыг нь 850,000 төгрөгөөр буюу “хямд үнээр хувьчилж олсон мөнгөөр нь  дараагийн байр сууцнуудаа барих”  гэж байгаа мэтээр тайлбарладаг. 

БХЯ, ЗХЖШ, анги байгууллагын удирдлагад ажилладаг генерал хурандаа нар хямд үнээр байртай болонгуутаа цаашаа түүнийгээ зах зээлийн үнээр дамлаж ашиг хонжоо олох гэсэн санаа нь нуугдаж байгаа юм. 2009 онд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд Жоби-72-ын ард БНХАУ-ын БХЯ-ны буцалтгүй тусламжаар  баригдсан 48 айлын сууцанд орсон тухайн үеийн  БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга генерал М.Борбаатар агсан, ТЗУГ-ын дарга асан одоо СБТГ-ын дарга бригадын генерал Г.Сайханбаяр нарын томоохон албан тушаалтнууд зах зээлээс маш хямд үнээр авсан байрнуудаа дамлаад зарчихсан баримт байдаг аж. Өмнөх тогтолцооны үед тухайн үедээ батлан хамгаалах салбарт ажиллаж байсан хүмүүст гэхдээ нөгөөх л генерал офицерууд түлхүү улсын хөрөнгөөр баригдсан орон сууцанд орж орон сууц хувьчлалаар хувьдаа үнэ төлбөргүй авцгаажээ.

Гэтэл нөгөө талдаа цэргийн албанд насаараа зүтгэчихээд байр  орон сууцгүй ахмад хурандаа нар олон бий. Тухайлбал, Баянзүрх дүүргийн  4 дүгээр хорооны нутагт Сансар  хотхон нь нийслэлийн дахин төлөвлөлтөд орсон боловч тус хотхон дахь хүн амьдрахыг хориглосон 084 дүгээр ангийн мэдлийн албан тушаалын нэг давхар сууц нь БХЯ-ны харьяа хувьчлагдаагүй гэсэн шалтгаанаар тэрхүү дахин төлөвлөлтөд ороогүй аж. Тус байран оршин суугч ахлагч голдуу цэргийн алба хаагчид тус байраа хувьчлуулж дахин төлөвлөлтөд орохыг хүсэж БХЯ, ЗХЖШ-т олонтаа хандсан боловч дарга нар бие биен рүүгээ бичиг шидэлцэж асуудлыг шийдэж өгөхгүй чирэгдүүлж байна.

Хариуцсан салбарт нь насаараа зүтгэсэн офицер ахлагч нарт ангийнх нь мэдлийн муухан сууцыг хувьчлахын төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй атлаа татвар төлөгчдийн мөнгөөр баригдсан тохилог сууцыг хямдаар авахыг санаархсан БХЯ, ЗХЖШ-ынханд хууль дүрэм үйлчилдэггүй ажээ.

1 Сэтгэгдэл

  1. зочин 2018-05-30 16:34

    харин их цөөхөн нь бичигджээ. энэ БХ-ын Сайд аль хэр шударгыг өнөөдөр харьяа. энэ улсуудаа ажлаас нь чөлөөлж аль нэг байрыг нь буцаан хураан авах хэрэгтэй. хөдөөгийн анги салбарт байгаа орон гэргүй офицер ахлагч нарт өгөх юм бол та үнэндээ нэр хүндтэй ажил болно.

    Reply

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *