хайх үгээ бичих

Онцлох мэдээ Эрэн сурвалжлах

ШӨНИЙН КЛУБ уу? СОЁЛЫН ӨВ үү?

Түгээх

Монгол улсын түүх соёлын үнэт өв болсон Богд хааны ордон музейн эзэмшлийн талбайд “АПУ” компани цэнгээний асар байгуулахаар төлөвлөөд байсан нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулсан. Улмаар Нийслэлийн засаг дарга С.Батболд эзэмшигч компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноор ордон музейн эзэмшлийн газрын асуудлыг түр намжаагаад байгаа хэдий ч арван алхмын зайд орших Монголын уламжлалт анагаах ухааны музей, Богд хааны ногоон ордны бүрэн бүтэн байдалд бизнесийн салбарынхан заналхийлсэн хэвээр байна.

 

-ХУУЛЬ БУСААР ОЛГОСОН  ГАЗРЫН АСУУДЛЫГ СӨХВӨЛ-

Богд хааны ордон музейн цогцолборыг одоогоос 20 жилийн өмнө Засгийн газрын тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан байдаг.

Улмаар 2001 оны 4-р сарын 25-ны өдөр музейн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хангах, харагдах сүр барааг нь хадгалах зорилгоор Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг үндэслэн Ногоон ордны хамгаалалтын бүсийг 5.7 га байхаар тогтоосон Засгийн газрын тогтоол өнөөг хүртэл хүчинтэй хэвээр байна.

Гэвч өнөөдөр дээрх тогтоолуудыг үл тоон, музейн газраас хууль бусаар олгож явсаар ордон музейн эзэмшилд ердөө 3 га хүрэхтэй үгүйтэй газар үлджээ.

Өөрөөр хэлбэл, холбогдох албан тушаалтнууд засгийн газрын тогтоолыг зөрчин, мөн тогтоолын барилга байгууламж барих, соёлын өвийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулахуйц үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн заалтуудыг илтэд зөрчиж, олон нийтийн үйлчилгээний томоохон төв байгуулжээ.

 

-МУЗЕЙН ГАЗАР ХЭРХЭН АПУ КОМПАНИД ОЧИХ БОЛОВ-

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо буюу Богд хааны ордон музейн эзэмшлийн 5,7 га газраас 2.1 га газрыг  “Грийн эйр гранд” ХХК-д зочид буудал, аялал жуулчлалын зориулалтаар Нийслэлийн газрын албаны дарга асан Ц.Сандуй 2011 оны есдүгээр сарын 23-нд газар эзэмших эрхийг олгон, гэрчилгээнд гарын үсэг зурсан байдаг. “Грийн эйр гарден” ХХК нь “АПУ” ХК-ийн охин компани бөгөөд одоо дээрх газар нь АПУ компанийн бүрэн эзэмшлийнх болсон түүхтэй аж.

 

-ДЭЭД ЗЭРЭГЛЭЛИЙН ШӨНИЙН КЛУБ ИРЭХ САРД НЭЭЛТЭЙ ХИЙНЭ-

Улмаар 2014 онд “АПУ” компани шар айрагны үйлдвэр явуулах чиглэлээр, тус газарт 48/10 тоот дөрвөн давхар байгууламжийг барин  2014/203 улсын комиссын актын дугаартайгаар ашиглалтад оруулсан ч өнөөдөр барилгыг томоохон шөнийн клуб болгон ашиглахаар болжээ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, зураг дээр харагдах уг байгууламжийн нэг давхарт эвэнт холл, хоёрдугаар давхарт лоунж ресторан, гурав болон дөрөвдүгээр давхарт шөнийн клуб байгуулахаар зураг төсөл хийж, улмаар дотоод заслыг хийж дууссан бөгөөд ирэх сард нээлтээ хийнэ гэх мэдээлэл байна.

Ийнхүү нийслэл хотод ганцхан шахуу үлдсэн гэж болох түүх соёлын дурсгалт газрууд 10 хүрэхгүй алхмийн зайд шөнийн клубтэй хаяа дэрлэхээр боллоо. Улаанбаатарчуудын сонголт шөнийн клуб уу соёлын өв үү?

Б.ЦОГ

ЗУРАГ 1: Улаан шугам хүртэлх газрыг Богд хааны ордон музейн эзэмшлийн бүсээр тогтоосон байв

ЗУРАГ 2: Харин одоо тус газар нь АПУ ХХК-ийн эзэмшилд очжээ

ЗУРАГ 3: Монголын уламжлалт анагаах ухааны музейн байр

ЗУРАГ 4: Дээрх шөнийн клуб нь музейн барилгаас 10 алхмын зайд байрлаж байна

 

 

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *