хайх үгээ бичих

Гэмт хэрэг

Ж.Бат-Дэлгэр: Газрын хэвлийд халдсан л бол ЭРҮҮГИЙН ХЭРЭГ үүсгэдэг болсон

Түгээх

Дэлхийн хүрээлэн буй орчны өдрийг угтан “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээ Улаанбаатар хот, 21 аймгийн хэмжээнд зохион байгуулагдаж байна. Уг арга хэмжээний хүрээнд хууль бусаар ашигт малтмал олборлох, түүнтэй холбогдох хэрэг, зөрчлийн талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Ахлах мөрдөгч, Цагдаагийн хошууч Ж.Батдэлгэрээс тодрууллаа.

Тэрбээр “Нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг”-ийн талаар иргэд, олон нийтэд хууль, эрх зүйн зөв ойлголтуудыг өгөх, хор уршигийг нь таниулах, энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах, байгаль экологидоо эерэг нөлөө үзүүлэх зорилготой юм. Цагдаагийн байгууллагаас хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг таван төрлөөр шалгаж байна. Тухайлбал Байгаль орчныг бохирдуулах, Ашигт малтмал хууль бусаар олборлох, хайх, ашиглах, Хууль бусаар ан агнах, мод бэлтгэх, Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах зэрэг гэмт хэрэг зөрчлийг шалгаж байна. Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэдэг нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газар доорх барилга байгууламж барьж, хууль бусаар газрын хэвлийд халдсан үйлдлийг хэлнэ.

Хуучин мөрдөгдөж байсан Ашигт малтмалын тухай хуулиар заавал хохирол учруулж байж гэмт хэрэгт тооцдог байсан. Харин шинэ хуулиар материаллаг бүрэлдэхүүн шаардахгүйгээр хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болсоноор эрүүгийн хариуцлага татаж байгаа нь гэмт хэрэг өсөх нэг үндэслэл болж байна. 2017.07.01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийг нэг мөр ойлгож, хэрэгжилтийг хангах үүднээс энэ төрлийн гэмт хэргийн шалгалтуудыг эрчимтэй явуулсанаар нуугдмал байсан гэмт хэргүүдийг илэрүүлэн бүртгэлд оруулснаар гэмт хэргийн тоо өсөж харагдаж байгаа юм.

Ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулах, нөхөн сэргээлт хийхгүй хаях, байгаль орчинд хортой техник технологиор үйл ажиллагаа явуулах, химийн хортой бодис ашиглан зөвшөөрөлгүй байж хортой бодис ашиглах /мөнгөн ус, цианит натри гэх мэт/, хайгуулын лицензтэй байж олборлолт явуулдаг зэрэг нийтлэг зөрчлүүд гардаг. Нэг талаас манай иргэдийн хувьд хууль, эрх зүйн мэдлэг багатайгаас болж байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаа тохиолдлууд байна. Нөгөө талаас богино хугацаанд хялбар аргаар их хэмжээний мөнгөтэй болох зорилгоор энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэх тодорхой нэг шалтгаан болж өгч байна” гэлээ.

Б.ЦОГ

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *