хайх үгээ бичих

Улс төр

УИХ: Тендэрийн хуульд ямар өөрчлөлтүүд орж байна вэ?

Түгээх

ZOX.MN –  УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Тендэрийн хууль буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн төслийг хэлэлцэж байна.

Тендэрийн бүхий л харилцааг зохицуулдаг уг хуульд өөрчлөлт оруулахаар 5 дугаар сарын 11-нд УИХ-д өргөн барьсан бөгөөд Төсвийн байнгын хороо хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн юм.

2006 оноос хойш мөрдөгдөж, 23 удаа нэмэлт, өөрчлөлт орсон энэ хуульд цахим худалдан авах ажиллагааны ойлголтыг тодорхой болгох, үйл ажиллагааг нь улам өргөжүүлэх үүднээс цахим худалдан авах ажиллагаатай холбоотой зохицуулалтыг дэлгэрүүлж, худалдан авах ажиллагааны шуурхай зохион байгуулалтыг хангах зорилгоор урьдчилан худалдан авах ажиллагаа, байгаль орчинд ээлтэй шинэ технологи нэвтрүүлэх, байгаль орчинд ээлтэй бизнесийг дэмжих зорилгоор ногоон худалдан авах ажиллагааг хуулийн төсөлд тодорхойлж, холбогдох заалтыг нэмсэн. Түүнчлэн дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор хуулийн холбогдох зохицуулалтыг боловсронгуй болгож, зохих өөрчлөлтүүдийг хуулийн төсөлд тусгасны зэрэгцээ худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулах үүднээс тендерийн хүчинтэй байх хугацааг багасгасан гэж төслийн танилцуулгад дурдсан юм.

Хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд тендэр зарлахад хамгийн бага үнэ санал болгосон компанийг сонгодог нь үйлчилгээг чанаргүй болгоход хүргэдэг, тендэр шалгаруулахад зөвхөн төрийн байгууллага биш аж ахуйн нэгжүүдийг оролцууллах ёстой зэрэг санал хэлж, асуулт асууж байв.

Харин хуулийн төслийн Ажлын хэсгээс дараах хариултыг өгснийг хүргэж байна.  

  • 2017 онд Сангийн яаманд тендэртэй холбоотой 817 гомдол, Захиргааны хэргийн шүүхэд 38 гомдол ирсэн байна. Зарим тохиолдолд өөрөө шалгараагүй аж ахуйн нэгжүүд тендэрийг удаашруулах, хүчингүй болгох зорилгоор үндэслэлгүй гомдол гаргадаг нь ихээхэн чирэгдэл учруулдаг. Тиймээс шинэ хуульд Тендэрийн талаар гомдол гаргагч нь тендэрийн үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх барьцаа төлбөр байршуулж байж гомдол гаргахаар тусгажээ. Хэрэв гомдол нь үндэслэлтэй бол барьцаа төлбөрийг буцаан олгох, үндэслэлгүй бол улсын орлого болгох зохицуулалттай аж. Гэхдээ барьцаа төлбөрийн дээд хэмжээ нь 20 сая төгрөг байх юм байна.
  • Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих талаар ихээхэн тодорхой тусгаж өгсөн нь энэ хуулийн онцлог болж буй аж. Жишээ нь дотоодын үйлдвэрлэгч чанар стандартын шаардлага хангасан барааг үйлдвэрлэх боломжтой тохиолдолд гадаадын оролцогчийг тендэрт оруулахыг хориглох юм байна. Мөн дотоодод үйлдвэрлэх барааны жагсаалтыг Засгийн газраас баталдаг байна, дотоодын давуу эрхийг тендэрт заавал тооцно гэж заажээ. Дотоодод үйлдвэрлэсэн барааг импортын бараанаас тусад нь багцалж тендэр зарладаг болно. Дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжиж, шалгарсан байгууллагуудын бараа, үйлчилгээг “Цахим дэлгүүр”-т ерөнхий гэрээгээр байршуулах аж.
  • Хамгийн бага үнэтэй тендэр шалгаруулдаг гэдэг ойлголт байдаг ч хуульд “Хамгийн бага харьцуулах үнэтэй тендэрийг шалгаруулах” талаар зохицуулалт байдаг гэж тайлбарлаж байв. Захиалагчийн шаардлагыг хангасны дараа үнэ ярьдаг. Хэрэв оролцогчид бүгд хангасан бол хамгийн бага дүнтэйг давуу тал болгодог гэлцэж байлаа. Чанар яагаад муу байдаг вэ гэвэл захиалагч тал гүйцэтгэлд хяналт тавихгүйгээс шалтгаалж байгаа аж.
  • Цахим тендэр үндсэндээ нутагшиж, хэрэглээнд бүрэн нэвтэрсэн бөгөөд 2017 онд 5000 гаруй тендэр зарласнаас 84 хувь нь цахим байсан аж. Хэн хэрхэн шалгарсан талаар бүх мэдээлэл www.tender.gov.mn сайтад ил байгаа гэж ТӨБЗГ-аас хэлж байв.
  • Хуулийн хүчин төгөлдөр болох хугацааг зааж өгөөгүй аж. Хэрэв УИХ баталж, Төрийн мэдээлэл эмхэтгэлд хэвлэгдвэл 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болно. Өөрөөр хэлбэл баталсан цагаасаа хэрэгжихээр боловсруулжээ.

Хэн хүний анхаарлыг татдаг Тендэрийн хуулийг цааш хэлэлцэх эсэхийг өнөөдөр шийднэ. Хуулийн хэлэлцүүлгийг үдээс хойш үргэлжлүүлэх болж, чуулганы нэгдсэн хуралдаан завсарлав.

ZOX.MN сайт Тендэрийн хуулийн өөрчлөлтийг үргэлжлүүлэн мэдээлэх болно.

Г.Билгүүн

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *