хайх үгээ бичих

Эрэн сурвалжлах

SOS: Тээврийн хэрэгслийн хуурамч бичиг баримтаар залилж байна

Түгээх

ZOX.MN – Хуурамч бичиг баримт бүрдүүлэн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх, иргэд аж ахуйн нэгж байгууллагуудын тээврийн хэрэгслийг луйвардан авах, банк, банк бус санхүүгийн байгууллага болон хадгаламж зээлийн хоршоодыг хууран мэхлэж их хэмжээний санхүүгийн хохирол учруулсан үйлдлүүд гарах болсныг Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас сэрэмжлүүлж байна.

Мөн иргэд, аж ахуй нэгж байгууллагууд том оврын хүнд даацын тээврийн хэрэгслүүд, чиргүүлийн хуурамч бичиг баримт бүрдүүлэх, тамга, тэмдэг гарын үсгийг хуурамчаар үйлдэн шилжүүлэн авах гэмт хэргүүд гарсныг АТҮТ-өөс илрүүлж хуулийн байгууллагад шилжүүлжээ.

АТҮТ-ийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Б.Гүрсоронзон “Гэмт этгээдүүд өмчлөгчийн нэрийг сольж, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, ААН байгууллагын албан бланк, гарын үсэг, тамга тэмдэг зэргийг хуурамчаар үйлдэн, залилан хийсэн хэд хэдэн тохиолдол гарсан.

Мөн хуурамч албан бичиг тамга тэмдэг гарын үсэг бүрдүүлэн, гэрчилгээ нөхөж авах улмаар тэр гэрчилгээг бусдад дамжуулан хилээр тээвэр хийх, гаалийн татвар төлөхгүйгээр ачааны тээврийн хэрэгсэл оруулж ирэх зэрэг үйлдлүүд гардаг тул иргэд, олон нийт болон банк, санхүүгийн байгууллагууд тээврийн хэрэгсэл худалдан авах, барьцаалан зээл олгогчид дээрх хууль бус үйлдэлд холбогдохоос сэрэмжлүүлж байна” гэв.

Хуурамч бичиг баримт ашиглан тээврийн хэрэгслийн бүртгэл хийлгэх оролдлогыг таслан зогсоох, цаашлаад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор:

  • Хуулийн этгээдийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлэх тохиолдолд тухайн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг “Хуулбар үнэн” гэж нотариатын байгууллагаар баталгаажуулж, тээврийн хэрэгслийг шилжүүлэх тухай албан бичгийн хамт ирүүлэх,
  • Тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагааг цахимжуулж, банкуудтай хамтран албан бичгийг QR кодтой болгон нууцлалыг өндөржүүлэх,
  • Хурууний хээгээр тухайн иргэний мэдээллийг авдаг болох, албан бичгийг цахим шуудангаар авдаг болох зэрэг ажлуудыг эхлүүлсэн байна.

Иймд иргэд, хуулийн этгээдүүд тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчийн мэдээллийг бүртгэлийн байгууллагаас авах, тухайн тээврийн хэрэгслийн шаардлагатай лавлагаа, мэдээллийг албан ёсоор гаргуулах, Тээврийн хэрэгслийн гэрчилгээний нууцлалыг сайтар шалгах зэргээр гэмт хэрэг, луйвраас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

Г.Билгүүн

Таг:

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *