хайх үгээ бичих

Эрэн сурвалжлах

Дарханд найман вагон замаасаа гарч ноцтой осолдлоо

Түгээх

ZOX.MN – Өнөөдөр 15:15 минутын орчимд Дарханы замд төмрийн хийц, үр тариа ачиж явсан олон улсын галт тэрэгний найман вагон замаасаа гарсан ноцтой осол гарчээ.

Тодруулбал, “Дархан-1” өртөөний 15 дугаар замаар ОХУ-БНХАУ чиглэлд тээвэрлэлт хийж явсан 2508 дугаартай ачааны галт тэрэгний 15-24 дэх вагон сэлгээ хийж байгаад замаасаа гарч унасан байна. Зүүнхараад замын хяналтаар ажиллаж байсан УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа ослын газар дээр очсон бөгөөд асгасан ачааг зөөвөрлөх, галт тэргийн босгох зэрэгт 200 орчим мэргэжилтэн газар дээр нь ажиллаж байгаа аж. Улаанбаатараас Сэргээн босгох галт тэрэг 17 цагийн орчимд хөдөлсөн бөгөөд Дархан өртөөд 22 цагт очиж, шилжүүлэн ачихаар төлөвлөжээ.

Ослын улмаас хүн бэртэж гэмтсэн гэх одоогоор мэдээлэл байхгүй байна.

Дашрамд дурдахад, 2016 оны долдугаар сард ОХУ-аас БНХАУ руу мод тээвэрлэж явсан ачааны галт тэрэг “Дархан-2” өртөөний 14 дүгээр замд осолдож, замаасаа гарч байсан билээ. Тухайн үед ослын шалтгааныг бороо их орсны улмаас газрын хөрс зөөлөрсөн хэмээн тогтоож байсан. Галт тэрэг замаасаа гарсан, мөргөлдсөн гэх зэрэг ослын улмаас эвдэрсэн зам, бүхээг зэргийг засварлахад их хэмжээний мөнгөн дүн шаардагддаг. 2016 онд гэхэд ослоос болж эвдэрсэн 40 км замыг засахад 7.8 сая төгрөг зарцуулж байсан бөгөөд өнөөдрийн ослоос хэдэн төгрөгийн хохирол учирч байгаа нь тодорхойгүй юм.

Г.Билгүүн

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *