хайх үгээ бичих

“Адуунчулуун”, “МАК”-ийн маргаантай талбайд 40-50 сая тонн нүүрсний нөөц бий

Түгээх

ZOX.MN – “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ХК-ийг 63 жилийн турш эрчим хүчний нүүрсээр тасралтгүй хангаж байгаа “Адуунчулуун”-ы нүүрсний уурхай нээгдсэн цагаасаа ил болон далд аргаар олборлолт явуулж, 28.4 сая шоо метр хөрс хуулж, 14.9 сая тонн нүүрс олборложээ. “ДБЭХС” ХК-аас гадна аймгийнхаа аж ахуй нэгж байгууллага, айл өрхүүдийг нүүрсээр хангадаг байна.

2017 оны байдлаар нүүрсний уурхайгаас улсын төсөвт тэрбум 157 сая төгрөгийг төвлөрүүлжээ. 1999 онд хувьчлагдсан “Адуунчулуун”-ны уурхайн хувьд өнөөдөр лицензийн маргаантай байдал томоохон асуудал болоод байгаа. Тодруулбал, “Адуунчулуун” ХК-ийн эзэмшлийн 029А лицензтэй 400 га талбайгаас 2009 онд 134 га газрыг МАК ХК-д давхцуулан олгожээ. МАК ХК-ийн хувьд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт 5104.3 га газрыг хамарсан хоёр лицензийг эзэмшиж, уг талбай дээрээ одоогоор хөрс хуулалтын ажлыг явуулж байна. “Адуунчулуун” ХК лицензийн маргаанаас болж давхардсан газартаа олборлолт явуулах боломжгүй болжээ. Хэрвээ асуудлаа шийдвэрлэж чадвал дахиад 30-40 жил үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ. Учир нь уг давхардсан лицензтэй талбайг 40-50 сая тонн нүүрсний нөөцтэй хэмээн таамаглажээ.

““Адуунчулуун”-ы нүүрсний уурхай олборлолт явуулах талбайгүй болсноос Дорнодын цахилгаан станц нүүрсний нөөцгүй болох, цаашлаад эрчим хүчний хязгаарлалт хийх хүнд байдалд орсон” гэж захирал нь тайлбарлаж байгаа. Иймд Ашигт малтмал газрын тосны газраас Ашигт малтмалын тухай хуулийн 62.4, 62.5, 62.6 дахь заалтаар зохих шийдвэрээ хугацаа алдалгүй гаргахыг тус компанийн зүгээс хүсч байгаа юм.

Г.Билгүүн

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *