хайх үгээ бичих

Нийгэм

Сурагчдаас төлбөр, хураамж, хандив авахыг хориглолоо

Түгээх

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Нийслэлийн Боловсролын газар болон 21 аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга нарт ойрын хугацаанд анхаарах зарим асуудлын талаар чиглэл хүргүүлжээ.

Үүнд, төгсөлтийн үйл ажиллагааг эцэг, эх асран хамгаалагч, багш нартаа суралцагч өөрийн сурсан эрдэм, авьяасаа тайлагнах, боловсролын баримт бичиг гардуулах ёслол болгон тэмдэглэн өнгөрүүлэх, ой хээрийн түймэр болон аливаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын албан даалгавар гаргаж, дараах зүйлсийг тусган хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон байна.

  1. Суралцагчаас хуульд заагаагүй аливаа төлбөр, хураамж, хандив авахыг хориглох
  2. Анги дэвших болон улсын шалгалт, элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотойгоор хичээл заадаг багш тухайн ордог хичээлээрээ суралцагчдад төлбөртэй давтлага өгөх, ном, гарын авлага, материал худалдан авахыг шаардах, шахахыг хориглох
  3. Сурагчдын зөвлөл, эцэг, эхийн зөвлөлийн үүсгэл санаачилга нэрээр мөнгө татаж, багшид бэлэг өгөх, эцэг, эхэд санхүүгийн дарамт учруулахыг таслан зогсоох
  4. Хөдөө хээр, амралт зуслан, голын сав, жуулчны бааз, зочид буудал, цэнгээний газруудад амралт, зугаалга зохион байгуулах, архи, согтууруулах ундаа хэрэглүүлэхийг хориглох гэх мэт чиглэлийг ханган ажиллахыг даалгажээ.

Түүнчлэн анги дэвших, төгсөх болон элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалтыг хангаж, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагч, багш нарт үнэн зөв мэдээлэл хүргэж, иргэдийг төөрөгдүүлсэн аливаа худал мэдээллээс урьдчилан сэргийлэх, сургалт, сурталчилгаа явуулах чиглэлээр орон нутгийн цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж, кибер аюулгүй байдлыг хангахад анхаарах чиглэл өгчээ.

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *