хайх үгээ бичих

Онцлох мэдээ Эрэн сурвалжлах

Охидыг хүчээр бэлгийн харилцаанд оруулж, бичлэгийг нь сошиалд цацна хэмээн сүрдүүлдэг гэв

Түгээх

ZOX.MN – Монгол Улсын хууль тогтоомжинд заасанчлан, 18 нас хүрээгүй охид хөвгүүдийг хүүхэд гэж үзэх ба хүүхдээр хөдөлмөр эрхлүүлэхийг хориглосон байдаг. Таван жилийн өмнөх судалгаагаар, үндэсний хэмжээнд нийт 93 мянга 968 хүүхэд тэвчишгүй хөдөлмөр эрхэлж байна гэсэн статистик судалгаа бий. Харин өнөөдөр энэ тоо өссөн гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа хэдий ч албан ёсны тоон мэдээлэл байдаггүй байна.

Энэ нь манай улсын нэг сая гаруй хүүхэдтэй харьцуулахад бага тоо мэт боловч тухайн хүүхдийн эрүүл мэнд, амь насанд учирч болзошгүй бодит эрсдэлтэй харьцуулбал маш өндөр үзүүлэлт юм.

Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр гэдэгт боолчлолын бүх хэлбэрүүд, хүчээр буюу албадан хөдөлмөрлүүлэх, хүүхдийг биеэ үнэлэх үйл ажиллагаа, садар самууны сурталчилгаа,  үзүүлбэрт ашиглах, санал болгох, хүүхдийг мансууруулах бодис үйлдвэрлэх, нууцаар наймаалах зэрэг хууль бус үйл ажиллагаанд ашиглах, элсүүлэх, хөдөлмөрийн нөхцөлөөрөө хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, ёс суртахуунд сөрөг нөлөө үзүүлэхүйц ажлыг хамааруулж ойлгодог.

Бодит жишээ дурьдвал, өнгөрөгч сарын сүүлчээр иргэн Д-ийн хүүхэд орон гэрээсээ дайжиж олон хоног ирээгүй тул хүүхдээ хайсаар олж авсан байна. Хүү өөрийн үеийн хэсэг хүүхдүүдтэй хамт гудамжаар тэнэх болсон бөгөөд гэртээ ирэхгүй байсан шалтгаанаа хэсэг бүлэг томчууд дарамталж гэрт хариулахгүй зоддог гэжээ. Улмаар хүүхдүүдийг халаасны хулгай, дээрмийн гэмт хэрэгт уруу татдаг, хулгай хийхгүй гэвэл гар хөлийг чинь тасална хэмээн буу тулган заналхийлдэг тухай ярьж байв. Эдгээр үйл явдал ихэвчлэн Сүхбаатар дүүргийн 8-р хороо “Улаанбаатар” зочид буудал, Багшийн дээд орчимд болон Сонгинохайрхан дүүрэг “Саппоро” худалдааны төв орчимд шөнийн цагаар үйлдэгддэг гэжээ.

Хүчирхийлэлд өртсөн хүүгийн ярианаас ноцтой байж болзошгүй мэдээллийг энд онцлоход, амьдралын түвшин муутай хүүхдүүдийг дарамталж ийнхүү хөдөлмөр эрхлүүлж, гэмт хэрэг үйлдэхэд хүргэдэг гэх бүлэг этгээдүүд нь өөрсдийгөө “клиент” хэмээн нэрлэдэг байна.

Эдгээр клиентүүд нь өсвөр насны охидыг онлайнаар судалсны дараа хүчээр авч яван насанд хүрсэн хүнтэй бэлгийн харилцаанд оруулахдаа түүний бичлэгийг хийгээд олон нийтэд цацна хэмээн дарамталдаг гэжээ.

Улмаар дарамтанд өртсөн охид клиентүүдийн хэлсний дагуу хүчээр биеэ үнэлж, бэлгийн мөлжлөгт автдаг гэх мэдээллийг бидэнд өгч байсан юм.

Б.ЦОГ

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *