хайх үгээ бичих

Эрэн сурвалжлах

Т.Тэмүүжин: Шүүхээс ял сонссон ч баярладаг юм байна

Түгээх

Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны иргэн Т.Тэмүүжин шүүхэд баярласан сэтгэгдлээ илэрхийлэхээр бидэнд хандлаа. Шүүхээс ял сонссон тэрбээр “Монгол Улсын шүүх хуульд нийцүүлж шийдвэр гаргадаг юм байна” гэсэн юм.

-Уучлаарай, та ямар хэргээр шүүхээс ял сонсон юм бэ?

-Бусдаас 10 сая төгрөг залилсан хэрэгт холбогдож шалгуулсан. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны арванхоёрдугаар сард анх прокуророос миний хэрэг шилжиж ирсэн. Шүүхэд ирээд шүүхийг үл хүндэтгэсэн, хохирол төлөх хугацаа авсан боловч уг хугацаандаа төлбөрөө барагдуулаагүй, шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан гэсэн үндэслэлээр сарын дараа намайг цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Уг хугацаанд анх шатны шүүхийн шүүх хурал болж надад 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх шийдвэр гаргасан. Би Давж заалдах шатны шүүхэд эрхийнхээ дагуу гомдол гаргаж 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Нийслэлийн шүүхийн Магадлалаар анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзах ял болгож өөрчилсөн. Би тэр өдрөө суллагдсан.

-Хоёр сар гаруй хугацаанд хоригдоод давж заалдах шатны шүүхээс тэнсэн харгалзах ял сонссон байна. Бусдад учруулсан хохирлыг барагдуулсан учраас хорих ялыг тэнсэн харгалзах болгосон уу?

-Монгол Улсын шүүх иргэнээ дээдэлсэн хуульд нийцүүлж ажилладаг юм байна. Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 гэсэн зүйл ангиар шийтгэгдсэн. Бусдаас 10 сая төгрөг залилж авсан. Одоо бүх хохирлыг барагдуулсан. Амар хялбар аргаар мөнгө олж, бусдад хохирол учруулж болохгүй гэдгийг маш сайн ойлгосон. Өнөөдөр би 29 настай залуу хүнийхээ хувьд ажил хөдөлмөр эрхэлж чин шударгаар зөв амьдарна гэсэн бодолтой байна. Цагдан хорих 461-р хорих ангид 79 хоног хоригдох хугацаандаа маш олон зүйлийн талаар тунгаан бодсон. Энэ буруу үйлдлээс болж миний аав, ээж, эхнэр, хүүхэд гээд хамгийн хайртай хүмүүс маань яаж зовж, шаналж байсныг бодохоор харамсаж байна.

-Хоёр шатны шүүхээс ял сонсоход юу бодогдож байсан бэ?

-Надад 1 жил хорих ял оноосон байхад яагаад би “Баярлалаа” гэдгээ хэлэхээр анхан шатны шүүхэд дахиж ирсэн нь учиртай. Шүүхээс ял сонссон ч баярладаг юм байна. Би хоригдож байх хугацаандаа сэтгэл зүйн маш олон ном уншсан. Энэ 79 хоногийг өөртөө цаг гарга, аливаа зүйлийг тунгаан бод гэдэг үүднээс анхан шатны шүүх надад олгосон гэж хүлээн авсан. Надад Монгол Улсын хуулийн байгууллагуудад тавих нэг санал төрсөн. Цагдан хорих 461-р хорих анги 800 гаран хоригдол дунд нэг сэтгэл зүйч ажиллаж байна. Би сэтгэл зүйчтэй уулзах санал 45 хоног тавьсан боловч уулзаж чадаагүй. Магадгүй сэтгэл зүйч эдгээр хоригдож байгаа хүмүүстэй ярилцаж чадах цаг зав хүрэлцээтэй бол олон хүмүүс зөв зам сонгох шийдэлд хүрэх байсан ч байж магад. Надтай хамт хоригдож байсан хүүхэд ээжийнхээ явуулсан номыг уншаад “Ээж минь надад ийм зүйлийг хэлэх гэсэн юм байна” гээд ухаараад өөрийн амьдралаараа жишээ болгож ном товхимол бичиж эхэлсэн. Түүнийгээ надад уншуулаад миний бичсэн номыг бас уншиж байсан. Шүүхийн шатанд ч олон сэтгэл зүйч ажиллаасай гэж хүсэж байна.

Анхан шатны шүүхээс ял сонсоод хоригдож байхдаа 19-40 насны залуустай хамт байсан. Өөртөө болон тэдгээр залуусын үйлдэлд маш их харамсаж байлаа. Эрүүл саруул ухаантай, бие бүтэн, эрх чөлөөтэй байна гэдэг хамгийн том аз жаргал, хүнд заяасан хамгийн том бэлэг юм гэдгийг ойлгосон бөгөөд надад алдаагаа битгий давтаарай гэдэг маш том итгэл хүлээлгэсэн Монгол Улсын шүүхэд маш их баярлалаа гэдгээ илэрхийлэх гэж би ирсэн.

Тухайн нөхцөл байдлаасаа болоод өөрийгөө зөв ойлгуулж чадаагүй, хууль эрх зүйн туслалцаагаа зөв өмгөөлөгчөөсөө авч чадаагүйгээсээ болоод өөрийнхөө эрх зүйн байдлаа дордуулсан хүнийг ч олж харсан. Нийгэм, ард иргэдийн дунд шүүхийн байгууллага, шүүгч нарыг хараан зүхдэг, мөнгөтэй хүмүүст үйлчилдэг мэтээр олон сөрөг ойлголт бий болдог юм байна гэдгийг мэдэрсэн. Нөгөө талаараа өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүйгээсээ болоод мөн шүүгч, шүүхийн ажилчид руу дайрах доромжлох байдал бий болдгийг харсан. Гэтэл шүүгч болон шүүгчийн туслах нарын өдөр тутмын үйл ажиллагааны ачаалал их, янз бүрийн ааш араншинтай хүмүүстэй ажиллаж байдаг юм билээ.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Таны сэтгэгдэл

Your email address will not be published. Required fields are marked *